Орхон аймгийн Засаг дарга өнгөрсөн 100 хоногт хийсэн ажлаа танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-02-10 17:09:34
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны 10 дугаар сарын 30-нд Орхон аймгийн 13 дахь Засаг даргаар Сэмжидийн Батжаргал томилогдсон. Тэрээр үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш 100 хоногт хийсэн ажлаа  иргэдэд  цахимаар танилцууллаа. 

Засаг дарга үүрэгт ажилдаа томилогдоод удаагүй байхад Монгол Улсад короновирусний халдварын тохиолдол бүртгэгдэж  “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэн. Энэ цаг үед Орхон аймгийн Онцгой комисс шуурхай ажиллаж цар тахлыг хумиж “Ногоон бүс” болсноо зарласан юм.

Мөн аймгийн ИТХ-ын хуралдаанаар Засаг даргын Үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, ирэх дөрвөн жил Орхон аймаг “Ухаалаг хот” болох зорилт дэвшүүлэн, IT технологийг төрийн байгууллагын үйлчилгээнд нэвтрүүлэхээр болжээ.

Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд Орхон аймгийн Эрдэнэ, Согоот, Баянбулаг багт цэцэрлэг ашиглалтад орж нийт 1000 гаруй хүүхэд хамрагдахаар боллоо. Үүнийг дагаад нийт 70 гаруй хүн ажлын байртай болжээ.

Түүнчлэн Эрдэнэтийн 34 мянган залуус “Залуучуудын ордон”-той болж спарт ап, гарааны бизнесээ хөгжүүлэх сургалт, судалгаанд хамрагдаж мэдлэг, боловсролоо дээшлүүлэх боломжтой болсон байна.

Мөн УИХ-ын гишүүн Д.Батлут, УИХ-ын гишүүн Хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн, Орхон аймгийн Засаг дарга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж,  гуравдагч шатлалын шилдэг эмч нар орон нутагт 3-6 сарын хугацаатай  байрлан ажиллаж, элэг тайрах, элэгний хавдрын судас боох, элэгний хавдар түлэх эмчилгээ, дурангийн аргаар элэгнээс үүсгэвэр авах зэрэг хагалгааг орон нутагтаа хийх боломжтой болж байна. 

相关新闻