"Сайн хашаа" хөтөлбөрт хамарснаар 10 сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭГэр хороололд инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууцны хороолол бий болгох, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэх “Сайн хашаа” хөтөлбөрийг иргэдэд танилцуулах үйл ажиллагаа Чингисийн талбайд болов.
Хөтөлбөрийг нээж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ: “Монгол Улсын Засгийн газраас 5 сайн хөтөлбөр хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна. Сайн малчин хөтөлбөр улс орон даяар амжилттай хэрэгжиж, нийт 40 гаруй мянган малчин хөтөлбөрт хамарсан. Сайн оюутан хөтөлбөрийг эхлүүлж эцэг эх, эмээ өвөөгийн нуруун дээр байсан сургалтын төлбөр гэх хүнд ачааг хөнгөлж, оюутнууд өөрсдөө сургалтын төлбөрөө олох боломжтой болсон. Харин өнөөдөр бид “Сайн хашаа” хөтөлбөрөө эхлүүллээ. Энэ бол зүгээр л тоног төхөөрөмж айлд суулгаад халаалт дулааны асуудлыг шийдэх гэж байгаа асуудал биш. Энэ бол Монголчуудын хувьд гэр хорооллыг бүхэлд нь шинэчлэн, амьдрах орчныг нь сайжруулахаар эхлүүлж байгаа том хөтөлбөр юм. Хөтөлбөр хэрэгжих явцад бид иргэдээс гарч байгаа саналд үндэслэж хөтөлбөрийн журамд зохих өөрчлөлтүүдийг хийх боломжтой” гэдгийг онцоллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Сайн хашаа хөтөлбөр бол хот төлөвлөлтийн шинэ эрин үеийг авчирна. Гэр хорооллын дахин төлөвлөлт болон иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах ажлыг Сайн хашаа хөтөлбөрөөр үргэлжлүүлэх боломжтой болж байна” гэлээ.
"Сайн хашаа" хөтөлбөрт хамрах хүсэлтэй иргэд Төрийн банкны Нийслэл дэх 70 гаруй салбараар дамжуулан зээлээ авах аж. Зээлийн дээд хэмжээ 10 сая төгрөг. Хөтөлбөрт хамарсан өрхүүд эхний хоёр жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө.
Энэ хугацаандаа жилийн 5 хувийн хүүгээр тооцож, сард зөвхөн зээлийнхээ хүүг төлөөд явах юм. Иргэн 10 сая төгрөгийн зээл авсан тохиолдолд эхний хоёр жилдээ сар бүр 40-42 мянган төгрөгийн хүүгээ төлнө.
Зээлийг 60 сарын хугацаатай олгох бөгөөд гурав дахь жилээсээ эхлэн үндсэн зээл болон хүүгээ төлөөд явах юм байна. Энэ тооцооллоор 10 сая төгрөгийн зээл авсан иргэн гурав дахь жилээсээ 180-190 мянган төгрөг төлөх аж. Гэхдээ иргэн заавал 10 сая төгрөгийн зээл авах шаардлагагүй. Хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжийнх нь үнэ 5 саяд багтвал тэр мөнгөө л зээлэх юм.
Төрийн банкнаас өгч буй тодруулгаар бол иргэн зээлтэй байсан ч “Сайн хашаа” хөтөлбөрт хамрах боломжтой аж. Үүний тулд төлбөрийн дарамттай байдал үүсгэхгүй байх зорилгоор иргэн хөтөлбөрийн хүрээнд авсан зээлийнхээ 50 хувийг төлөхөөр зохицуулалт хийж өгчээ. Үлдсэн 50 хувийг нь Нийслэл болон рон нутгийн төсөв, улсын төсвөөс санхүүжүүлэх замаар шийдэх онцлогтой. “Сайн хашаа” хөтөлбөрт гудамжаараа хамарвал зардлаа 50 хувиар хэмнэх боломжтой хэмээн танилцуулгын үеэр хэлж байв. Сайн хашаа хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын айлууд нойл, дулааныхаа асуудлыг бүрэн шийднэ. Энэ төрлийн үйлчилгээг үзүүлэх чадамж бүхий 31 Аж ахуйн нэгж Чингисийн талбайд өнөөдөр бараа бүтээгдэхүүнээ танилцууллаа. "Сайн хашаа” хөтөлбөр Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул зэрэг Нийслэлийн таван дүүргийн тодорхой цэгүүдэд хэрэгжинэ. Тодруулж хэлбэл, иргэн таны хашаа “Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдах тухайлсан цэгт багтсан эсэхийг мэдээллийн сангаас шүүлгэнэ. Уг мэдээллийн сан Төрийн банк, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын цахим хуудсуудад байрших аж.
Г.Уранчимэг