Цахим жор үйлчилгээг 213 иргэнд үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-02-05 19:38:48

Завхан /МОНЦАМЭ/. Улиастай сумын эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүд цар тахлын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нийт 2300 гаруй иргэнд үзүүлжээ.

Эрүүл мэндийн төвүүд цар тахлын үед угтах, эргэх, лавлах, зөвлөх, оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх зэрэг үйлчилгээнүүдээ халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж үзүүлэхээс гадна цахимаар, утсаар үйлчилгээгээ үзүүлсэн аж. Өрхийн эрүүл мэндийн төв нь иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг байсан бол 2018 оноос хойш тусламж үйлчилгээний төрлүүдээ нэмж чанар хүртээмжээ сайжруулжээ.

Тухайлбал өрхийн эмнэлгүүд дээр зөвхөн хүүхэд гэлтгүй бүх насныханд томуугийн дэгдэлтийн үед гэхэд он дамнан 114 иргэнд утлагын үйлчилгээг үзүүлжээ. Өнгөрсөн жилийн зургаадугаар сараас эхлэн сорьц тээвэрлэх үйлчилгээг нэвтрүүлэн цус, шээс, биохимийн шинжилгээг өрхийн эмнэлэг дээрээ авч давхардсан тоогоор 2584 иргэний шинжилгээг авсан байна. Мөн цахим-эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд цахим жор үйлчилгээг нэвтрүүлж, 2020 онд давхардсан тоогоор 27480 иргэнд үйлчилжээ. Харин цахим жор үйлчилгээг он гарсаар 213 иргэн авсан байна. Мөн Эрүүл мэндийн төвүүд "Ковид-19" цар тахлын хөл хорионы үеэр голомтот газраас ирж буй иргэдийг бүртгэх, гэрийн ажиглалтыг хянах ажлуудыг давхар зохион байгуулж байна. 

相关新闻