Ж.Гансүх: Өвөлжилт тавтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-02-05 10:31:41

Булган  /МОНЦАМЭ/ Булган аймгийн Тэшиг сумын Засаг дарга Ж.Гансүх мал аж ахуйн цаг үеийн ажлын талаар ийнхүү ярилаа.

          - Тэшиг сум харьцангуй цастай байна. Мал аж ахуйн өвөлжилт хэр байна вэ?

- Манай сум энэ оны эхэнд хүн ам 3693 байна. Нийтдээ 88,3 мянган толгой мал тоолуулсан. Өнгөрсөн намар 19,0 мянган тонн хадлан өвс бэттгэсэн. Ер нь 17,0 мянган тонн өвс хадаж, авна гэж төлөвлөсөн байсан. Түүнийгээ давуулан биелүүлсэн. Харин малын тэжээлийн хувьд сумын аюулгүйн нөөцийг бүрдүүлээгүй юм билээ. Манайх 200 тонн тэжээл шаардлагатай байхаар Хүнс, хөдөө аж ахуйн газар руу захиалга хүргүүлсэн байгаа.

Хөдөөгийн багаар явж ажиллаж байна. Малчдын хувьд мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангаж, өвс тэжээлийн нөөц хангалттай, зарим нь дундаж хэмжээнд байна. Мөн бэлтгэсэн өвс тэжээл нь дуусах дөхөж байгаа малчид ч байна. Өнгөрсөн жилийн хадлан бэлтгэх ажилд цаг агаар нөлөөлсөн тал бий. Манай нутагт 7-р сар хүртэл бороо орохгүй байж байгаад түүнээс хойш хур элбэгшсэн учраас өвсний чанар муу байлаа. Бороо их орж чийгтэй өвс бухалдсанаас харлаж, чанар нь муудсан. Сумын хэмжээнд малчид бэлтгэсэн өвснийхөө 60-70 хувийг хэрэглэсэн.

Сумын нутаг дэвсгэр нэлэнхүйдээ цастай. Өнгөрсөн сард цас нэмж орсон. Энэ цас бол манай сумын хувьд байдаг л хэмжээний хур тунадас. Цаашаа нэмж орвол хаваржилт тавгүй болох төлөв байгаа.

          - Мал аж ахуйн салбарын цаашдын бодлого?

- Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хүн рүү чиглэсэн бодлого байхаар батлуулсан. Нийт хүн амын 60 хувь нь малчин. Хүн ам, тэдний үйлдвэрлэл эрхэлж байгаа салбар болох хөдөө аж ахуй руу чиглэсэн бодлогыг дэвшүүлээд ажиллаж байна. Малчдын хувьд өнөөдөр эрхэлж байгаа аж ахуйг эрчимжүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, ногоон тэжээл, хадлан өвс тариалах, тэднийг сургах чиглэл рүү чиглэсэн арга хэмжээ зохион байгуулна. Эдгээр ажлыг тодорхой хэмжээнд хэрэгжүүлбэл нийт хүн амын 60 хувийн амьжиргаа дээшлэх учраас хөдөө аж ахуйн салбарт анхаарья гэж бодлого баримтлан ажиллаж байна.

相关新闻