“AstraZeneca” намар гэхэд “COVID-19”-ийн шинэ вакцин бүтээхээр төлөвлөж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЛОНДОН. /Reuters/. “AstraZeneca” компани болон Оксфордын их сургууль намар гэхэд коронавирусний шинэ хувилбаруудаас хамгаалдаг шинэ үеийн вакцин бүтээхээр төлөвлөж байна.
Энэ тухай “AstraZeneca” компанийн биологийн эмийн судалгаа, боловсруулалтын газрын гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Мене Пангалос мэдээлэл хийхдээ мэдэгджээ.
“AstraZeneca” вирусний шинэ хувилбаруудтай тэмцэх шинэ үеийн вакциныг хэзээ гаргаж чадах вэ гэсэн асуултад Пангалос "аль болох хурдан" гэж хариулсан байна. “"Бид намар гэхэд бэлэн болгох гэж маш их хичээж байгаа тул энэ жилдээ гаргана" гэж тэрбээр хэлжээ.
Үүний зэрэгцээ Оксфордын их сургуулийн профессор Энди Поллард вакцин нь дэлхий даяар тархаад буй коронавирусний "британи" хувилбарын эсрэг үйлчилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
ДЭМБ-аас мэдээлснээр, Их Британид анх бүртгэгдсэн коронавирусний шинэ хувилбар дэлхийн 80 оронд илэрсэн бол “өмнөд африк” хувилбар нь 41 оронд тархжээ.