“The Lancet” сэтгүүл "Спутник V" вакцины гуравдугаар шатны туршилтын үр дүнг нийтэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
МОСКВА. /TASS/. ОХУ-д бүтээсэн коронавирусний “Спутник V” вакцин нь өндөр үр дүнтэй, аюулгүй болохыг баталсан эмнэлзүйн гурав дахь үе шатны туршилтын үр дүнгийн талаарх тайланг “The Lancet” олон улсын анагаах ухааны сэтгүүл нийтэлжээ.
Уг вакциныг Н.Ф.Гамалеян нэрэмжит Тахал судлал, микро биологийн судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд гарган авсан билээ.
"Спутника V" нь 91.6 хувийн үр дүнтэй вакцин юм. Эмнэлзүйн туршилтын гуравдугаар үе шатанд сайн дураар оролцсон 19 866 хүнээс 78 нь вакцин хийлгэсний дараа халдвар авсан байна. Харин 60-аас дээш насны сайн дурынхны дунд явуулсан туршилтаар 91.8 хувийн үр дүн үзүүлжээ. Вакцин хийлгэсний дараа коронавирусний эсрэг биет сайн дурынхны 98 хувьд нь илэрсэн байна. Туршилтад хамрагдсан бүх хүнд эсийн дархлаа бий болжээ. Түүнчлэн вакцин хийлгэсний дараах дархлаа халдвар авсны дараахаас 1.3-1.5 дахин их байсан байна. Үүнээс гадна, "Спутник V" вакцины давуу тал нь бусад вакцинуудыг бодвол хямд, тээвэрлэлтийн тусгай горим шаардлагагүй, энгийн горимд удаан хадгалах боломжтой юм.
Оросын коронавирусний вакцин эмнэлзүйн туршилтынх нь гуравдугаар үе шатны үр дүн анагаах ухааны тэргүүлэх зэрэглэлийн сэтгүүлд нийтлэгдсэн дөрөв дэх вакцин болж байна. Өмнө нь уг сэтгүүлд Pfizer/BioNTech, “Moderna”, “AstraZeneca” компаниудын бүтээсэн вакцинуудын туршилтын үр дүнг нийтэлсэн юм.
"Спутник V" вакцины эмнэлзүйн судалгааны үр дүнгийн талаарх олон улсын шинжээчдийн дүгнэлт нийтлэгдсэн нь цар тахалтай хийж буй тэмцэлд гарч буй томоохон амжилт юм гэж Н.Ф.Гамалеян нэрэмжит хүрээлэнгийн захирал Александр Гинцбург мэдэгджээ.