Оторлож буй 500 гаруй малчин өрхийн 1457 хүнд эрүүл мэндийн тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-03 10:21:37

Говь-Алтай /МОНЦАМЭ/.  Говь-Алтай аймгийн отрын бүс нутаг болох Дарви, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан суманд бусад сумаас оторлон өвөлжиж буй 500 гаруй малчин өрхийн 1457 хүнд эрүүл мэндийн үзлэг, тусламж үзүүллээ.


Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймгийн Нутгийн зөвлөлөөс санаачлан санхүүжүүлж, Говь-Алтай аймгийн зудын гамшигт өртөн өвөлжилт хүндрээд байгаа сумдын малчид, оторчдод эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн, эрүүл мэнд анхны тусламжийн багц, малын тэжээл хүргэн өгч гамшгийн эрсдэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэн 150 сая төгрөгийн санхүүжилт бүхий тусламжийн үйл ажиллагаагааг ийнхүү хэрэгжүүлжээ. 

Энэхүү ажлын хүрээнд 450 өрхөд эрүүл мэнд, анхны тусламжийн багц, гарын бэлэг олгон, 551 хүнд нийгэм, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж, 650 хүнд эрүүл мэндийн зөвлөгөө, 41 хүүхдийг амны хөндийн үзлэгт оруулж, 19 жирэмсэн эхийг ургийн эхо-д харж, 8 нярай хүүхдэд үзлэг, эргэлт хийн, 83 хүнээс шинээр өвчлөл илрүүлж дараагийн шатлалын эмнэлэгт үзүүлж эмчлүүлэх зааварчилгаа өгсөн байна. Түүнчлэн өвөлжилт хүндэрсэн Жаргалан, Тайшир, Дэлгэр, Бигэр, Цогт, Эрдэнэ, Чандмань, Есөнбулаг, Шарга, Халиун зэрэг 10 сумын малчин өрхөд олон найрлагатай шим тэжээл сайтай малын тэжээлийг сумдад нь хүргүүлжээ. 


Дээрх үйл ажиллагааг аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлгийн хамт олон хамтран хэрэгжүүлсэн байна.


相关新闻