Газрын доройтлыг бууруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. "Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал" төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Газрын доройтлыг бууруулах зорилготой энэхүү төсөл нь 2021-2025 онд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн есөн суманд хэрэгжих юм. Төсөлд шаардлагатай зургаан сая ам.долларыг Даян дэлхийн байгаль орчны сангаас санхүүжүүлнэ.
Дээрх төсөл Монгол оронд хуурай, гандуу бүс нутгийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, Дорнод Монголын хээрийн бүсэд газрын тогтвортой менежментийг сайжруулах, биологийн олон янз байдлын хамгаалал, газар нутгийн нэгдмэл байдлыг сайжруулах гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэж байгаа аж. Төсөл хэрэгжиж дуусахад Монгол орны зүүн бүсэд хээрийн экосистем, биологийн олон янз байдлын хамгаалал, нөөцийн тогтвортой ашиглалт сайжирч, хөрсний үржил шим сэргэн, хүлэмжийн хийн ялгаралтыг буурна хэмээн тооцоолжээ.