“Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн нээлтийг цахимаар хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-02-02 11:49:36

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн нээлтийг 2 дугаар сарын 1-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Өвөрхангай аймгийн тэргүүлэх салбар болох хөдөө аж ахуйг бодлогоор дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх, малын тэжээл тарих, малаа эрүүлжүүлэх, малын гаралтай түүхий эд, сүү, цагаан идээний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төмс, хүнсний ногоогоор аймгийнхаа хэрэгцээг хангах гээд олон томоохон зорилтыг энэ онд тавиад байгаа. Энэ хүрээнд зорилтот жилийн ажлыг зохион байгуулах хороог байгуулж, дөрвөн зорилт, 67 заалт бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг батлаад байна.


Зорилтот жилийн үйл ажиллагааг нээж, аймгийн Засаг дарга А.Ишдорж хэд хэдэн анхаарах зүйл байгааг хэлэв Тодруулбал, аймагт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн санхүүгийн эх үүсвэрийг хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжид түлхүү олгох, сум бүр атаршсан талбайгаа сэргээж, малын тэжээл тариалах, малаа эрүүлжүүлэх, айл өрх бүр эрүүл хүнс хэрэглэдэг байхад анхаарах зайлшгүй шаардлага байгааг онцоллоо.

Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 40 гаруй хувийг хөдөө аж ахуйн салбараас бүрдүүлдэг бөгөөд үүний 90 гаруй хувийг мал аж ахуйн салбар бүрдүүлж байна. Мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл жилээс жилд өсч, 2018 онд 216.3 тэрбум төгрөг, 2019 онд 266 тэрбум тгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. 

相关新闻