Хятадын вакцинууд аюулгүй, үр дүнтэй гэдгээ харуулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-02-01 14:08:08

ГУАНЖОУ. /Xinhua/. БНХАУ-ын дотооддоо гарган авсан “COVID-19”-ийн вакцинууд аюулгүй, үр дүнтэй гэдгийг олон нийтийг дархлаажуулах ажил харуулж байна гэж тус улсын халдварт өвчин судлалын нэрт мэргэжилтэн Жун Наньшань мэдээлжээ. 


Хятад улсад одоогоор коронавирусний хоёр вакциныг хэрэглэж буй нь Хятадын Үндэсний биотехнологийн группийн вакцин, “Sinovac” биотехнологийн компанийн “CoronaVac” вакцин бөгөөд эдгээр нь идэвхгүй вакцин тул харьцангуй аюулгүй гэж Жун Наньшань хэлжээ. Тэрбээр өмнөд нутгийн Гуандун мужид “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх, хяналтад авахад технологийн хэрэглээг дэмжих зорилгоор зохион байгуулсан үйл ажиллагааны үеэр ийнхүү хэлсэн байна.


Хятадын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр, улсын хэмжээнд өнгөрсөн ням гаргийн байдлаар 24 сая гаруй тун вакциныг тарьжээ. Вакцин тариулсны дараа халуурах, гар хөндүүрлэх гэх мэт хөнгөн зовуурь 100 мянган хүн тутмын зургаад илэрч байна гэж Жун Наньшань мэдээлжээ. Харин вакцин хийлгэсний дараа хүнд хэлбэрийн гаж нөлөө сая тохиолдолд нэг илэрч буй нь томуугийн вакцины гуравны нэгтэй тэнцэх үзүүлэлт болохыг тэрбээр нэмж хэлжээ.


Мөн Хятадын Өвчнийг хяналтад авах, урьдчилан сэргийлэх төвийн харьяа Халдварт өвчнийг хяналтад авах, урьдчилан сэргийлэх үндэсний хүрээлэнгийн дарга Шу Вэньбогийн мэдээлснээр, Хятадад хэрэглэж буй “COVID-19”-ийн вакцинуудыг хийлгэсний дараа гаж нөлөө илрэх тохиолдол томуугийн вакциныхаас ихгүй байгаа ажээ.



Жун Наньшань Хятадад гарган авсан вакцинуудын үр дүнгийн тухайд, эдгээр вакцин хүмүүсийг “COVID-19”-өөр халдварлахаас хамгийн багадаа зургаан сар хамгаална гэж хэлжээ.


Хятадад хамгийн эхэнд вакцин хийлгэсэн хүмүүсийн бие дэх эсрэг биетийн түвшин найман сарын дараах байдлаар 90 хувьтай байгааг бид тогтоосон хэмээн тэрбээр дурдаад, Хятадын вакцинуудын үйлчлэх хугацааг хараахан нарийн тогтоогоогүй байгааг нэмж хэлсэн байна.


Мөн вакцины эмнэлзүйн туршилтын үр дүнгийн үзүүлэлтүүд өөр өөр байгаа нь улс орнуудын мөрдөж буй стандарттай холбоотой гэдгийг тэрбээр онцолжээ. Түүний тайлбарласнаар, Хятад улс хоёр вакцины эмнэлзүйн туршилтын нэг, хоёрдугаар үе шатыг дотооддоо явуулсан бол гуравдугаар шатыг явуулах үед Хятадад “COVID-19”-ийн харьцангуй цөөн тохиолдол бүртгэгдээд байсантай холбоотойгоор өөр орнуудад явуулсан ажээ. “Улс орнууд өөр өөр стандарттай. Тодруулбал, зарим орны хувьд вакцин хийлгэсэн хүмүүсийн дийлэнх нь халдвар авах өндөр эрсдэлтэй эмнэлгийн ажилтнууд байна” гэж тэрбээр хэлжээ.


Жун Наньшань дэлхий даяар “COVID-19”-ийн вакцин хийлгэсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр байгааг дурдаад, вакцины эсрэг биет үүсэхэд хамгийн багадаа 2-3 долоо хоногийн хугацаа шаардагддаг гэдгийг нэмж хэлжээ. Түүний хэлснээр, дэлхий дахин дахь цар тахлын нөхцөл байдал ирэх гуравдугаар сар хүртэл тодорхойгүй байх төлөвтэй байна.


Мөн коронавирусний хувилбаруудыг судлах шаардлагатай байгааг тэрбээр цохон тэмдэглэжээ. Түүнчлэн хөдөө орон нутаг, ялангуяа саяхан халдвар тархсан бүсүүд халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтад авахад голчлон анхаарах хэрэгтэйг сануулжээ. “SARS”-аас ялгаатай нь “COVID-19”-өөр халдварласан зарим өвчтөнд шинж тэмдэг илрэхгүй байгаа боловч халдвар дамжуулж байна. Тиймээс удахгүй болох Хаврын баярын амралтын үеэр хөдөө орон нутгийн оршин суугчдад олноор цуглахгүй байхыг, биеэ тавгүйрхсэн тохиолдолд эмчмд хандахыг зөвлөж байна. Биеийн байдлаа хүндрэх хүртэл хүлээж болохгүй” гэж тэрбээр хэлжээ. 

相关新闻