ХДХВ-ний халдвар авсан анхны өвчтөний талаар санаанд оромгүй хувилбар дэвшүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЛОНДОН. /Daily Mail/. Хүний дархлал хомсдолын вирус /ХДХВ/ анх Дэлхийн нэгдүгээр дайны үед хүнд халдварласан гэдэг таамгийг Канадын Квебек мужийн Шербрукийн Их сургуулийн эрдэмтэн, профессор Жак Пепин дэвшүүлжээ
Тэрбээр 1916 онд Камеруны зүүн өмнөд нутгийн Молунду мужид сармагчин агнах үеэр ХДХВ хүнд халдсан бөгөөд халдвар авсан анхны хүн нь тухайн үед Германы колони байсан Камерунд германчуудтай байлдаж байсан Франц эсвэл Их Британийн цэрэг байсан гэж үзэж байгаа аж.
"Цэргүүд Молундуд дараагийн довтолгоо хүртэл гурав, дөрвөн сар байсан. Тэнд дайсны сумнаас илүү өлсгөлөн хамгийн том хүндрэл байсан" гэж Пепин ярьсан байна. Түүний үзэж байгаагаар, цэргүүдийн хүнс маш амархан дуусаж, хүнстэй золгохын тулд сармагчин болон бусад амьтныг агнахаас аргагүйд хүрдэг байжээ.
Энэ цэрэг дайны дараа Леопольдвильд (өнөөгийн Конго улсын нийслэл Киншас) ирснээр өвчин тараагч болж, улмаар 50-иад оны эхээр 500 орчим хүн энэ вирусний тээгч болсон гэж Пепин үзэж байгаа аж.
Эрдэмтний үзэж байгаагаар, тухайн үед эмнэлгийн хэрэгслийн хангамж хомсдолтой байсны улмаас тариурын зүүг давтан ашигладаг байсан нь ХДХВ тархах гол шалтгаан болсон байна. Леопольдвилиэс ХДХВ-ний халдвар Конго даяар тархаж, улмаар тус улсад ирсэн Хаити улсын иргэд вирусний халдвар авснаар хилийн чандад тархаж эхэлсэн гэж эрдэмтэн ярьжээ.