Германаас Португал руу эмнэлгийн баг, тоног төхөөрөмж илгээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БЕРЛИН. /DW/.
Португалд коронавирусний халдварын
тохиолдлын тоо олноор нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улс руу эмнэлгийн
ажилтнуудын баг, тоног төхөөрөмж илгээхээр ажиллаж байна гэж Германы Батлан
хамгаалахын яам өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.
Португалд эрчимт
эмчилгээний тасгийн орнууд дутагдахад хүрсэн тул Германы Засгийн газраас тусламж
хүсжээ. Португалын эх газарт “COVID-19”-өөр халдварласан хүнд өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх зориулалтаар гаргасан
эрчимт эмчилгээний тасгийн 850 орны долоо нь л хоосон байна гэж Лисбон бямба гарагт
мэдээлсэн байна.
Португалд тусламж
үзүүлэх үйл ажиллагааг “аль болох ойрын хугацаанд” эхлүүлнэ гэж Германы Зэвсэгт
хүчний хэвлэлийн төлөөлөгч “DW” агентлагт мэдээлжээ. Мөн Португал руу илгээх эмнэлгийн ажилтнуудыг “COVID-19”-ийн эсрэг дархлаажуулна гэдгийг тэрбээр
нэмж хэлжээ.
“COVID-19” халдварын 711 018 тохиолдол бүртгэгдэж,
12179 хүн нас барсан Португал нь долоо хоногт бүртгэгдэх халдварын тохиолдлын
дундаж үзүүлэлт, халдвараар нас барсан хүний тоог хүн амд харьцуулсан
үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт жагсаж байгааг “Our World in Data” цахим хуудасны мэдээлэл харуулсан байна.