50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-29 14:21:32

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт 50 ортой хүүхдийн эмнэлэг тун удахгүй ашиглалтад орно. 

Тус эмнэлгийн барилгын ажлыг улсын төсвийн 5.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Мото блок” компани гүйцэтгэсэн. Улмаар холбогдох мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэж энэ сарын 28-нд Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас мэдээллээ.   

Ховд аймаг дахь БОЭТ-ийн Хүүхдийн тасаг 39 ортой. Жилд дунджаар 1700-2300 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдэг гэх судалгаа бий. Энэхүү эмнэлэг ашиглалтад орсноор орон нутгийн хүүхэд багачуудад үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж өргөжих боломж бүрдэнэ. 

Мөн Ховд аймагт хэвтэн эмчлүүлэх хүүхдийн орны хүрэлцээ нэмэгдэж, орчин үеийн чанар, стандарт бүхий тухтай орчинд эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой болох аж. 

Барилгын зураг төсөл зохиосон байгууллагын төлөөлөгч \зургийн автор\-өөр “Алтайн газрын хүч” ХХК, захиалагчаар Эрүүл мэндийн яам, захиалагчийн хяналтыг Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хамтран хэрэгжүүлжээ.  

相关新闻