Он гарснаас хойш зам тээврийн 10 осол бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/.
Баян-Өлгий аймгийн хэмжээнд 2021 он гарснаас хойш зам тээврийн 10 осол бүртгэгдсэн гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.
Ослын улмаас нэг жолооч, нэг энгийн иргэн нас
барсан байна. Нас барсан иргэний хувьд Толбо нуурын мөсөн дээгүүр дугуйнд сууж
машинаар чирүүлэн гулгаж байгаад амиа алджээ.
Түүнчлэн бүртгэгдсэн хоёр авто ослын улмаас
хэд хэдэн иргэн бэртэл, гэмтэл авсан байна.
Осол гарахад согтуугаар тээврийн хэрэгсэл
жолоодох, мөн эрхийн үнэмлэхгүйгээр машин жолоодож замын хөдөлгөөнд оролцох
явдал нөлөөлж байгаа аж. Он гарснаас хойш согтуугаар тээврийн хэрэгсэл
жолоодсон 42 иргэн эрхээ хасуулж, эрхийн үнэмлэхгүй 16
иргэн торгуулжээ.
Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ машинаа
өгөхгүй байх, иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үед замын хөдөлгөөнд
оролцохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.