Хяналтын камерын тусламжтай гэмт хэргийн гаралтыг бууруулах боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг теле хяналтын камер
суулгах ажлыг он гарсаар хоёр суманд хийгээд буй гэж аймгийн Цагдаагийн газраас
мэдээлэв.
-“Гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэрэг,
зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, хяналтын камерын тоо,
чанарыг нэмэгдүүлэх зорилготой “Теле хяналтын камер-2021” хэсэгчилсэн арга
хэмжээ болж байна. Энэ арга хэмжээ нь нэгдүгээр сарын 05-аас эхлэн зохион байгуулж
буй ажил юм. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд аймгийн 24 сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, холбогдох байгууллага, аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл шаардлага хүргүүллээ. Ийнхүү он гарснаар хэсэгчилсэн
арга хэмжээний хүрээнд сумуудаас Цагаанхайрхан, Цагаанчулуут суманд
камержуулалтын ажил үр дүнтэй хийгдлээ. Дээрх сумдад сумын төвийн нийтийн
эзэмшлийн гудамж талбайд чигийн болон, 360 градус эргэдэг хөдөлгөөнт хяналтын
камер суурилуулсан байна. Ингэснээр төрийн байгууллага, аж ахуй нэгжүүд,
байгууллагын орчныг хянах боломжтой юм. Сүүлийн үеийн стандартын шаардлага
хангасан иж бүрэн хяналтын камертай болсон нь олон давуу талыг бий болгодог.
Тухайлбал цар тахлын хөл хориотой үед төрийн байгууллагуудын үйл ажиллагаа,
аюулгүй байдал, иргэдийн хөл хөдөлгөөнийг хянах, урьдчилан сэргийлэх ажлыг
зохион байгуулахад дөхөм болно. Хамгийн гол нь эзэнгүй хэрэг зөрчил, хулгай,
автозамын осол гэмтлээс сэргийлэх, хянах боломжтой юм. Сүүлийн хоёр жилд
гэхэд камержуулалтын ажлыг 10 гаруй сум хийсэн байгаа. Теле хяналтын камерын
тусламжтайгаар гэмт хэргийн гаралтыг бууруулах, илрүүлэлт сайжрах олон давуу
талтай” гэв.