Д.Тойв: Миний эмээл спорт загвартайгаараа онцлог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/.Гарын ур дүй, авьяас ухаанаараа монгол морины онцлогт яв цав тохируулан аяллын болон спорт эмээл урлаж буй Д.Тойв гуайтай ярилцлаа. Түүний эмээл монгол морины нуруунд тохирсон хавтас өргөн, суудал том, унаачийн биед тухтай, аюулгүй байдлыг эн тэргүүнд бодолцож хийдгээрээ онцлог. Тэрээр 66 настай. “Цаашид 15 жил ажиллана, төлөвлөгөөгөө гаргачихсан” гэх нь хөдөлмөрч хүнийг нас биш, ажил дардаг юм байна гэсэн бодлыг эрхгүй төрүүлж байлаа.
- -Та анх хэзээнээс эмээл урлаж эхэлсэн бэ?
- +2005 оноос эхэлсэн. Би нягтлан бодогч мэргэжилтэй. Мөн засварчин, гагнуурчнаар ажиллаж давхар мэргэжил эзэмшсэн хүн. Нэг түүх хэлэхэд, тээр жил Холливудын алдарт жүжигчин эмэгтэй Монголд ирээд морь унахад модон эмээл дээр тогтохгүй байхыг харсан. Ингээд сайн эмээл хийвэл зах зээл байгаа юм байна гэж бодсон. Мэдээж хүн болгоны чаддаг зүйлийг хийвэл болохгүй. Тиймээс эмээлийг өөрөөр хийе гэж бодож ажлаа эхлүүлсэн. Эхэндээ хачин л юм хийдэг байлаа. Тэгээд сүүл рүүгээ хөгжөөд, гайгүй болоод одоо өдийг зэрэгтэй явж байна. Би чинь “Эрдэнэт хивс” ХХК-д ажиллаж байгаад, 2015 онд тэтгэвэрт гарсан хүн шүү дээ.
- -Таны
эмээлийг харахад уламжлалт эмээлээс арай өөр, орчин үеийн харагдаж байна?
- -Яг тийм биш. Эмээлийн доод талын хавтсыг монгол морины нуруунд тохируулж хусаар хийдэг.
Дээд тал нь харин европ маягийн, спорт хэв маягтай болоод явчихаж байгаа юм.
- -Ер нь
эмээл хийхэд онцгой ур чадвар шаарддаг уу? Та анх эмээл хийхийг хэнээр
заалгасан бэ?
- -Би өөрөө л оролдсон. Хивсний үйлдвэрт механик цех гэж
байдаг. Тэнд ажиллаж байхдаа л юмыг яаж
хийх вэ гэдэг гарын эв дүй суусан. Мөн гадаад, дотоодын эмээл хийх аргуудыг
судалж байгаад л хийж эхэлсэн. Эмээл хийхдээ өөрөө гагнана, гагнуурчнаа хийнэ
гэсэн үг. Эсгүүрээ гаргаж оёно, оёдолчин хийнэ. Хавтсаа урлана, мужаан хийнэ
гэсэн үг. Нэлээд хэцүү. Хэр баргийн хүн барьж аваад хийхгүй. Хүмүүс залхуурдаг
юм уу, яадаг юм. Нэг их хийгээд байдаггүй. Сэлэнгэд нэг хүн, хотод нэг хүн
эмээл хийдэг. Бид нарын хийж байгаа хийц өөр л дөө.
- -Одоо
хэдүүлээ ажиллаж байна?
- -Гэр бүлийн хүнтэйгээ хоёулаа л ажиллаж байна. Бас нэг
Архангайн залуу байдаг. Тэр хүнээр эмээлнийхээ хавтсыг цавчуулаад авчихдаг.
- -Таны
анхны хэрэглэгч ямар хүн байв?
- - Уяачид л байна даа. Хотод дэлгүүрүүдээр тавьж зардаг байсан. Сүүлдээ хүмүүс мэддэг болоод залуучууд надаас эмээл худалдаж авч Өвөр Монголын Аварга хошуу зэрэг газруудад аваачиж борлуулдаг болсон. Өвөр Монголд модон эмээл байна уу гэхээс миний хийж буй шиг эмээл байдаггүй юм билээ.
- -Таны
эмээлийн хийцийн онцлог, давуу тал юу вэ?
- -Давуу тал нь аяны зориулалттай , зөөлөн, тав тухтай,
хамгийн гол нь суудал том. Хол явж байгаа хүн морин дээр займчилж явдаг.
Дээлтэй унахад бол монгол эмээл сайхан. Гэхдээ зун өмдтэй унахад баавар нь нухаад
холгоод болохгүй шүү дээ. Тэгэхээр ийм эмээлийн хэрэгцээ шаардлага зайлшгүй л
тулгарч байна.
Би гурван зуу орчим эмээл хийсэн. Мөн манай Монголд аялал жуулчлалд зориулсан
эмээл гэж байдаггүй. Аялал жуулчлалын газрууд болон үзэсгэлэн худалдаанд
оролцоход гадныхан их сонирхон худалдаж авдаг. Герман, франц гээд олон хүнд
суудал томтой эмээлүүд хийж өгч байсан. Нэг хэсэг манай томчууд америк эмээл их
авч уналаа шүү дээ. Тэр чинь манай монгол моринд таардаггүй байхгүй юу. Дээрээс
нь хүнд, боолт, шруп ихтэй учраас харахад гоё ч зохимж муу байдаг.
- -Эмээлд
тавигдах ямар стандарт шаардлагууд байдаг вэ? Эмээлийг ихэвчлэн юугаар нь
шинждэг вэ?
- -Гол нь морины нуруун дээр л сайн таарч байх хэрэгтэй.
- -Эмээлийг
хийхдээ яг тухайн мориндоо тааруулж хийнэ гэсэн үг үү? Эсвэл насны ангиллаар нь
хийдэг үү?
- -Ерөөсөө монгол морь чинь нэг загвар буюу бие жижигтэй. Гадаадын
морьд бол янз бүр. Манайх бол бараг
ижил. Ер нь бүх моринд таараад байдаг.
- -Хурдан
морины уралдааны, насанд хүрэгчдийн, хүүхдийн эмээлийн загвар өөр өөр үү?
Юугаараа онцлог вэ?
- -Өөр өөр. Моринд эмээлийг тохоход хамгийн гол нь
холбирохгүй байх ёстой. Хоёрдугаарт, эмээлийн урд талын бариул чухал. Унаач хүүхдүүдээс
судалгаа авдаг.
- -Таныг эмээлийг олон улс орны хийцтэй харьцуулан судалсан хүн гэж ойлгож байна. Монгол
эмээлийн ялгарах онцлог юу байсан бэ?
- -Монголд эмээлийн судалгаа хийсэн н.Бүнчин гуайгаас эхлээд
олон хүн байдаг. Тэд барга, торгууд, казах гээд бүх эмээлийг
судалсан. Эдгээр эмээлүүдийн бүүрэг, мод хавтас гээд хоорондоо өөр өөр. Сүүлийн үед хиргэсүүр, булшнаас гарч буй
эмээлүүдийн суудал том байгаа. Би олон музейгээр явж үзсэн. Тэр үеийн хүмүүс ч,
морь ч том байсан байна.
- -Бүтээгдэхүүнийхээ
сайжруулалтыг хэрхэн хийдэг вэ?
- -Өөрөө л бодно доо. Багажаа өөрөө хийнэ. Жишээлбэл, төмрийг
гэхэд л тусгайлсан матдаг багаж байна. Тус тусдаа өөр өөр зориулалттай
багажуудыг хийсэн. Анх төмрийг давтахаас эхлээд хэцүү байсан. Одоо ер
нь механикжсан.
- -Нэг
эмээлийг хийхэд хэр хугацааг зарцуулдаг вэ?
- -Том эмээлийг хийхэд арваад хононо. Хурдан морины эмээл,
хүүхдийн эмээл хийхэд арай бага хугацаа орно.
- -Та
эмээлээс өөр төрлийн бүтээгдэхүүн хийдэг үү?
- -Ах нь олон юм
хийсэн. Та нарыг жаахан байхад “Ундаа аваарай” гээд л тэрэг түрсэн хүмүүс явдаг
байсан даа. Түүнийг үйлдвэрлэх машиныг хийж байлаа. Түүний дараа гэрийн эсгий,
туурга хийдэг, 380 киловаттаар ажилладаг төхөөрөмжийг хийж байсан. Эсгий хийхэд
бүл шаарддаг, олон хүн хэрэгтэй болдог. Тэгээд эсгий хийдэг тоног төхөөрөмжийг хийж
зарсан. Эсгийний төхөөрөмжөө хивсний
үйлдвэрээс гадна, Хэнтий аймгийн Батноров, Архангай аймгийн Цахир сум, Сэлэнгэ
аймгийн Цагааннуур суманд бас хийж өгсөн.
Үүнийгээ дагаад олон ажлын байр гараа байлгүй дээ.
- -Таны
удамд гарын ур дүйтэй хүн байсан уу? Энэ
олон талын бүтээлч авьяасыг хаана суралцсан бэ?
- -Манай аавын талынхан бүгд сэхээтэн хүмүүс байдаг. Шүүх,
прокурор, эмнэлгийн хорооны дарга хийж явсан хүмүүс бий. Миний ээж харин их
уран хүн байсан. Манай аав хурганы хатуу нэхийг авчрахад ээж минь элдэж, янзлаад
бидэнд каракуль малгай хийж өгдөг байлаа. Хоёрдугаар ангийн хүүхэд л каракуль
малгай өмсөөд явдаг байлаа даа.
- -Танд
бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ цааш нь өргөжүүлэх бодол байдаг уу? Таны үр
хүүхдүүдээс таны залгамж халааг авах хүн бий юу?
- -Би охин, хүү хоёртой. Хоёулаа хотод тусдаа гараад, өөр
өөрсдийнхөө ажлыг хийгээд явж байгаа. Би Баян-Өлгийн Алтай таван богдоос хэдхэн
километрийн зайд төрсөн Тува хүн. Тэнд миний хамгийн бага дүүгийн хүүхэд бий,
телевизэд ажилладаг. Тэр мундаг гарын ур
дүйтэй. Тэр хүүд л “Патент бүх юмаа өгнө, чи хий” л гээд байгаа. Залгамж халаа бэлдэхгүй бол болохгүй байна,
хүү минь.
- -Та цаашид өөртөө ямар зорилго тавьж байна
вэ?
- -Цаашид 15 жил энэ чиглэлээрээ ажиллана л гэж бодож байна.
- Танд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа