Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-25 12:43:20

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Цагдаагийн албаны тухай хуульд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус Иргэний зөвлөлийг аймаг, нийслэлийн ИТХ-ын дэргэд 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллуулахаар заасан байдаг.

Өмнөх Иргэний зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссан тул Баян-Өлгий аймгийн ИТХ-аас зөвлөлийн шинэ бүрэлдэхүүний сонгон шалгаруулалтыг өнөөдөр зарлалаа.

Иргэний зөвлөлийн гишүүн нь сүүлийн 5 жил цагдаа, прокурор, шүүгч, төрийн улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй, ял шийтгэлгүй, ашиг сонирхлын зөрчилгүй,  тухайн нутаг дэвсгэрт сүүлийн 5 жил оршин сууж байгаа Монгол Улсын иргэн байна.

Иргэний зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй дээрх шаардлагыг хангасан иргэд өөрийн товч намтар, ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэх хуудас, мэргэжлийн дипломын хуулбараа ирэх хоёрдугаар сарын 8-ны өдрийн дотор аймгийн ИТХ-ын Ажлын албанд хүргүүлнэ.

Нэр дэвшигчдийн мэдээллийг цахим хуудас, мэдээллийн самбар болон бусад хэлбэрээр иргэдэд ил тод тавьж санал авах замаар шалгаруулах ажээ. 

相关新闻