Хууль зүйн үндэсний хүрээлэн “Хуульчдын подкаст” студитэй болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хууль зүйн үндэсний хүрээлэн /ХЗҮХ/ нь ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран Монголын хуульчдад зориулж “Хуульчдын подкаст” студи нээжээ.
Хамгийн сүүлийн үеийн техник, технологи бүхий энэхүү иж бүрэн студээр дамжуулж, Монголын хуульчид болон иргэдэд зориулсан хууль зүйн сургалт, сурталчилгаа, мэдээ мэдээллийг аудио, видео хэлбэрээр хүргэх юм.
Студийг өнөөдөр нээж, ХЗҮХ-гийн захирал, хууль зүйн доктор Х.Эрдэм-Ундрах, Ханнс Зейделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, гавьяат хуульч Ц.Сарантуяа, Эрх зүйн боловсрол академийн захирал А.Энхтуяа нар нээлтэд оролцлоо.
“Хуульчдын подкаст” студийг байгуулахад дэмжлэг үзүүлсэн ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын хамт олонд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс талархал илэрхийлж, дурсгалын зүйлс гардууллаа.