Э.Түвшинмөнх: Сонгосон хичээл рүү нь чиглэсэн давтлагыг сурагчдад түлхүү оруулах чиглэлийг барьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган
аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Э.Түвшинмөнхтэй уулзаж ярилцлаа.
-
Энэ хичээлийн жил “Ковид-19” цар тахлаас
шалтгаалаад хичээл сургалтын үйл ажиллагаа хязгаарлагдмал байна. Ирэх хаврын
элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?
- Манай аймагт энэ хавар элсэлтийн ерөнхий
шалгалтад орох 12 дугаар ангийн 648 суралцагч байна. Элсэлтийн ерөнхий
шалгалтад бэлтгэх төлөвлөгөө зэргийг аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар
хэлэлцүүлж, санал авсан. 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш хичээл сургалтын үйл ажиллагаа цар
тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад танхимын бус аргад шилжээд хязгаарлагдсан
байгаа. Энэ цаг хугацаанд багш нар сурагчидтайгаа
өнгөрсөн хичээлийн жилд ажиллаж байсан шиг арга барилын хүрээнд цахим болон
зайны сургалтуудаар хичээл сургалтын үйл ажиллагааг явуулж байна. Хөдөөгийн
алслагдсан багт байгаа хүүхдэд бие дааж сурах материалыг мал тооллогын комисс
болон бусад цаг үеийн шинжтэй ажлуудаар суманд ажиллаж байгаа ажлын багаар хүүхдүүдэд хүргэх ажил хийлээ. Сургалтын үйл ажиллагаа
түр хязгаарлагдсан хугацаанд танхимын ирц болоод теле хичээл үзэлтийн явц зэрэг
мэдээллийг долоо хоног бүр авч ажиллаж байна.
- Он гарсаар сургууль төгсөх ангийн сурагчдад
зарим сургалт явуулахыг зөвшөөрсөн. Энэ ажлыг хэрхэн зхион байгуулж байна вэ?
- Аймгийн хэмжээнд 2021 оны нэгдүгээр сарын 5-наас эхлээд 12 дугаар ангийн сурагчдад танхимын давтлага өгөхийг зөвшөөрсөн
шийдвэрийг аймгийн Засаг дарга гаргасан. Халдвар хамгааллын дэглэм баримтлан
танимын давтлага өгч байна. БШУ-ны сайдын 2020 оны 180 дугаар тушаалын дагуу
бэлтгэл ажлыг ханган нэг танхимд 10 хүрэхгүй хүүхдийг хоорондын зайг барьж,
анги танхимын ариутгал халдваргүйтгэл хийж давтлага өгөх ажлыг зохион байгуулж
байна.
-
12 дугаар ангийнхнаас бусад сурагчийн хичээл сургалтын талаар ямар ажил хийж
байна вэ?
- Ирэх хоёрдугаар сарын нэгнээс хичээл сургалтын
үйл ажиллагаа эхлэх эсэхийг Засгийн газар, УОК шийднэ. Тэр болтол 12 дугаар ангийханд танхимын давтлага өгөх
ажлыг зохион байгуулаад бусад ангийнханд цахим давтлага, теле хичээл,
алсдагдсан багт байгаа сурагчдад бие дааж үзэх болон хичээлийн хоцрогдсон
агуулгын хүрээнд цаасан хэлбэрээр сургалтын
материал хүргэх ажлыг зохион байгуулж байна.
-
Өмнөх жилүүдэд сурагчдаас элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж, сорил авдаг байсан.
Энэ талаар?
- Элсэлтийн ерөнхий шалгалт авдаг арван төрлийн
хичээлээс хүүхдүүд ямар хичээлээр шалгалт өгөхөө элсэлтийн ерөнхий шалгалтын
бүртгэл дээр сонгодог. Тэгэхлээр сонгосон хичээл рүү нь чиглэсэн давтлагыг
тухайн хүүхдүүдэд түлхүү оруулах чиглэлийг барьж байгаа. Математик, гадаад хэл,
физик, нийгмийн ухаан гээд хүүхдүүд их сонгодог хичээлд илүү цаг гаргаж
давтлага өгч байна.
Мөн боловсрол, соёл урлагийн газраас 12
дугаар ангийн сурагчдаас ахиц амжилтын судалгаа гэдэг зүйлийг хичээлийн жил
эхэлснээс хойш одоогийн байдлаар гурван удаа аваад байна. 12 дугаар анги болон
дунд ангид хичээл зааж байгаа мэргэжлийн багш нараас ур чадварын судалгаа авах
ажлыг хийлээ.
Ахиц амжилтын судалгаа бол элсэлтийн
ерөнхий шалгалт шиг сорилго. Элсэлтийн ерөнхий шалгалтад ирдэг сорилыг тодорхой
түвшинд бэлтгээд цахимаар “google forum” гэдэг прогромм ашиглаад онлайнаар шалгалт
авах ажлыг зохион байгуулсан. Мөн танхимын давтлага эхэлсэн учраас шууд
сорилго шалгалт авахаар төлөвлөж байна.