Зорилтот бүлгийн малчдад хүмүүнлэгийн тусламж хүргэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Зорилтот бүлгийн малчин өрхийн амжиргааг зудын эрсдэлээс хамгаалахад дэмжлэг үзүүлэх техник туслалцааны төсөл"-ийг хэрэгжүүлж байна.
Тус төсөлд тус аймгийн Баян-Өндөр, Сант, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Хайрхандулаан, Тарагт, Зүүнбаян-Улаан сумаас зорилтот бүлгийн 200 малчин өрх хамрагдаж байгаа юм. Тухайлбал, цөөн тооны малтай, өрх толгойлсон эмэгтэй, олон хүүхэдтэй, гэр бүлдээ хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй, мал аж ахуйгаас өөр амжиргааны эх үүсвэргүй айл өрхүүдийг дээрх төсөлд хамруулж, 500 мянган төгрөгийн өртөг бүхий хүчит тэжээл, витамин, эрдсийн бэлдмэлийг олгохоор болж байна.
"НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь өвөлжилтийн нөхцөл байдлыг ажиглаж байсан. Тиймээс 300 мянган долларын санхүүжилтээр өвөлжилт хүндэрсэн 6 аймгийн мянган малчинд тусламж хүргэхээр ажиллаж байна" хэмээн суурин төлөөлөгч Винод Ахужа хэлэв.