СЕХ бие даагч 69 иргэнийг бүртгэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын 2016 оны сонгуульд оролцохоо илэрхийлж баримт бичгээ ирүүлсэн 74 иргэнээс 69 иргэнийг хуулийн дагуу нэр дэвшүүлэхээр бүртгэсэн хэмээн СЕХ мэдээлэв.
Нийт 70 гаруй бие даан нэр дэвшигчийн баримт бичгийг бүрэн гүйцэд, үнэн зөв эсэхийг нэгд нэгэнгүй нягтлан шалгахад зарим сонгогчдын гарын үсгийг гэр бүлийн хүмүүсээр нь төлөөлөн зуруулсан, хугацаанд нь гарын үсэг зуруулаагүй, насанд хүрээгүй хүнээр зуруулсан, регистрийн дугаар зөрөх, оршин суугаа хаяг нь тохирохгүй байх зэрэг зөрчил илэрсэн бөгөөд нэг бие даан нэр дэвшигч 60-аад сонгогчийг төлөөлж өөрөө гарын үсэг зурж сонгогдох эрхээ хэтрүүлж "эдлэх" гэсэн тохиолдол ч гарчээ.
Тэдгээр иргэд сонгуулийн 37 тойрогт өрсөлдөх гэнэ. Ирэх мягмар гарагт СЕХ нэр дэвшигчийн үнэмлэх олгоно. Мөн нийт нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтыг нэгтгэн нийтэд мэдээлэх аж.
Б.Туул