Ж.Кэрри: Монгол улс дэлхийн иргэн байх үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж чадаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-05 12:53:34

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрри нар өнөөдөр Гадаад хэргийн яаманд хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараа сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийв. 

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ үеэр хэлсэн үгэндээ, "АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Керритэй улстөрийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, бусад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд харилцан санал солилцлоо.Тэр дундаа иргэд хоорондын болон соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд дэлгэрэнгүй санал солилцов. Мянганы сорилтын корпорацитай байгуулах хоёр дахь гэрээний асуудал дээр хоёр тал ажиллаж байгаа. Энэ тал дээр харилцан санал солилцлоо” гэлээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрри, “АНУ-Монгол хоёр хоорондоо хол зайтай оршдог гэж боддог хүмүүс бий. Хэдэн милийн зайтай байхаас улс орнуудын харилцаа хэмжигддэггүй юм. Манай хоёр ард түмний хувьд хоорондоо ойр болох бүрэн боломжтой. Монгол оронд ардчиллыг хөгжүүлэх үйл явц үргэлжилж байна. Энэ тал дээр манай талаас дэмжлэг үзүүлэхийг хичээж ирсэн. Тухайлбал, Мянганы сорилтын сангийн шугамаар хэд хэдэн үйл ажиллагаа хэрэгжсэн. Мөн тус сангаас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд зам барих ажлууд хийгдэж байсан. Цаашдаа боловсролын салбарт илүү хамтран ажиллах боломж байна гэж харж байна. Мянганы сорилтын сангийн дараагийн ээлжийн төслүүдэд, жишээлбэл, эмэгтэйчүүдийг чадваржуулах, эрчим хүчний хангамжийг сайжруулах, хүний эрхийг дэмжих зэрэг олон салбарт хамтрах бололцоо байгаа юм. Нэн ялангуяа соёл, боловсролын хөтөлбөрүүдээ улам боловсронгуй болгохыг хичээх болно. Бидний зүгээс хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа эдийн засгийн асуудал дээр анхаарлаа хандуулна. Удахгүй манай улсын Худалдааны яамны баг бүрэлдэхүүн танай улсад ажиллана. Уг айлчлалын хүрээнд ХАА-н чиглэлээр ажилладаг манай талын компаниуд монголд хөрөнгө оруулах боломжийг судлах юм.

Мөн Монгол Улсын Засгийн газраас хоёр талын хамтын ажиллагааг сайжруулах үүднээс хамтран байгуулсан Ил тод байдлын гэрээгээ улам бүр үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр хамтран ажиллана хэмээн найдаж байна. Энэхүү гэрээний хүрээнд үр дүн гарснаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах болно хэмээн харж байна. Гадны шууд хөрөнгө оруулалт бол Монголын эдийн засгийг идэвхжүүлэхэд хамгийн их үр нөлөөтэй гэж ойлгож байгаа. Түүнчлэн Монгол Улстай тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд цаашдаа дэлхийн тавцанд хариуцлагатай иргэн байх гэсэн энэ ойлголт дээр хамтарч ажиллах бүрэн боломжтой. Монгол Улс ардчиллыг хөгжүүлээд удаагүй ч бусад улстай харьцуулахад олон сайн туршлага хуримтлуулсан. Энэхүү туршлагаасаа зарим улс орнуудтай хуваалцан, дэмжлэг үзүүлж байгаад бид талархдаг.

Мөн Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд идэвхтэй ажиллаж байна. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг амжилттай тэргүүлж ажилласан. Үүнээс гадна Энхийг сахиулах ажиллагаанд цэргээ илгээж, хүний эрхийг хангах тал дээр үр дүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ бүгдийг харахад, Монгол жижиг орон ч дэлхийн хэмжээнд үр дүнтэй үйл ажиллагааг явуулж чадаж байгаа нь харагдаж байна. Дэлхийн иргэн байх гэдэг үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж байна гэж үзэж байна. Сүүлд “Хааны эрэлд” уламжлалт арга хэмжээг амжилттай явууллаа. Цаашид хоёр орны зүгээс ард түмний хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх тал дээр үргэлжлүүлэн анхаарах хэрэгтэй. Манай улсын Засгийн газраас монголын бизнесмэн эрхлэгчид, оюутнууд, аялагчдад виз олгох тал дээр хялбаршуулахад анхаарч ажиллаж байна” гэсэн юм. Тэрбээр үгийнхээ төгсгөлд АНУ нь Энхтайвны корпусын шугамаар монголд амжилттай үйл ажиллагаа явуулж ирснийг тэмдэглээд тэдгээрт ажллаж буй сайн дурын ажилтнууд нь хоёр орны хамтын ажиллагааг зузаатгахад ихээхэн үүрэгтэйг онцоллоо.

Үүний дараа Монголын талын сэтгүүлчдээс монгол иргэд хэзээ АНУ-д визгүй зорчдог болох тухай асуудлыг Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэррид хандаж тавьсан юм. Тэрбээр энэхүү асуултад, “Монголын бизнес эрхлэгчид, оюутнууд, жуулчид АНУ-д чөлөөтэй зорчдог болоосой гэж бодож байна. Иргэд хоорондын хамтын ажиллагааг дэмжихийг бидний зүгээс зорьж байна. Олон хүмүүс энэ тал дээр идэвхтэй ажиллаж байгаад талархаж байна. Эрх зүйн орчин талаасаа тодорхой хязгаарлалт бол байдаг. Өөрөөр хэлбэл, визтэй холбоотой асуудлаар тодорхой шаардлагыг хангах ёстой. Энэ тухайд Гадаад хэргийн сайдтай уулзахдаа ярилцлаа. Одоо тавьж буй хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай. АНУ-ын Конгрессоос тавьж буй шаардлагуудыг та бүгдэд тус дөхөмтэй болоход бид анхаарч ажиллах болно” хэмээн хариулсан юм.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻