Л.Пүрэвсүрэн: АНУ хөрөнгө оруулалтын орчноо тогтвортой байлгахыг хүсч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-05 11:50:15

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри нар албан ёсны хэлэлцээ хийв. Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс айлчлалаас хүлээж буй үр дүн, хэлэлцээний явцад  яригдсан асуудлын талаар тодрууллаа.

Тэрбээр, “АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрритэй хэлэлцээ хийлээ. Үдээс хойш хэлэлцээ үргэлжилнэ. Монгол-АНУ-ын хооронд улстөрийн ямар нэг үл ойлголцол байдаггүй. Тиймээс эдийн засгийн асуудлыг хөндөж ярих нь чухал юм. АНУ бол дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай. Гэтэл өнгөрсөн хугацаанд манай улсын эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ гэхэд 300-гаад сая ам.доллар байдаг. Энэ бол маш бага үзүүлэлт юм. Тийм учраас эдийн засгийн харилцааг өргөжүүлэх нь чухалд тооцогдож байна. УИХ-аас Ил тод байдлын хэлэлцээрийг соёрхон баталсан. Үүнийг яаралтай хүчин төгөлдөр болгох шаардлагатай. АНУ-ын талаас тавьж байгаа зарим нэг санал байдаг. Тухайлбал, танай хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байх ёстой гэсэн байр суурь илэрхийлдэг. Өнгөрсөн хугацаанд бид энэ тал дээр алдаа гаргасан. Алдаагаа олж харж байгаа. Иймд энэ тал дээр бид анхаарч ажиллана.

Үүний зэрэгцээ шинэ салбаруудыг хөөж олох асуудал яригдаж байна. Ирэх долоо хоногт АНУ-ын Худалдааны томоохон төлөөлөгчид ирнэ. Үүнд, сэргээгдэх эрчим хүчний компаниуд, мөн ХАА-н бизнес эрхлэгчид ирэх юм. АНУ бол мах, үр тариа гэх мэт хөдөө аж ахуйн салбарын томоохон тоглогч. Тиймээс энэхүү боломжийг бид ашиглах ёстой гэж үзэж байгаа.

Түүнчлэн иргэд солилцооны асуудал их чухал юм. Манай иргэдэд тус улсын талаас 10 жилийн виз олгодог. Оюутнуудад бол ямар ч хязгааргүй виз олгодог. Бизнесмэнүүд ч гэсэн виз олгож байгаа. Гэхдээ Элчин сайдын яамнаас иргэдэд виз олголгүй буцаах тохиолдол гарсаар байна. Иймээс тус асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг дээр ярьж байна. Дээрээс нь жирийн америк иргэдэд монголоо сурталчлах, таниулах хүрээнд соёлын харилцаагаа өргөжүүлэхээр ярьж тохиролцож байна.

Ирэх онд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойгоо тэмдэглэнэ. 30 жилийн ойгоор монгол орноо таниулахад чиглэсэн ажлууд хийхээр харилцан ярилцаж байна” гэв.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻