Хөхморьт сумын нутаг дэвсгэр болон Хүйсийн говьд 122 малчин өрх оторлож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг дэвсгэр Монголын их элсний өвөлжөөний бүс, Хүйсийн говийн өвөлжөө болон отрын бүс нутагт өөрийн аймаг болон Баянхонгор аймгийн нийт 14 сумын 122 малчин өрх оторлож байна.
Эдгээр өрхүүд энэ оны наймдугаар сараас эхлэн отроор нүүн ирж, өвөлжиж өвлийн эхэн болон дунд сард өнтэйгээр золгож байгаа хэдий ч хүйтний эрч чангарч, бэлчээрийн хомсдол үүсэх төлөвтэй байна хэмээн Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд байрлах Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Уг хамгаалалтын захиргаанаас Монгол элсний байгалийн цогцолборт газрын орчны бүсийн Хөхморьт сумын Хүйсийн говь дагуу гадна аймаг, сумдаас отроор ирж өвөлжиж буй отрын бүс нутгийн малчдын ахуй байдал, бэлчээрийн мал сүргийн өвөлжилт хийгээд монгол бөхөнгийн амьдрах орчны мониторинг ажиглалт, судалгааг явуулж, бэлчээрийн төлөв, өвөлжилтийн байдалтай танилцаж, хяналт шалгалт хийсэн байна. Мөн үеэр тэдэнд Хүйсийн говь дагуух өвөлжөө отрын бүс нутагт аймаг, сумдын болон Ховд, Говь-Алтай аймгийн хил залгаа сумдаас нийт 3000 гаруй адуун сүрэг оторлож байгаа мэдээллийг нутгийн малчид иргэдийн зүгээс танилцуулсан ажээ. Энэ бүс нутаг нь монгол бөхөнгийн популяцын тархац нутаг, амьдрах орчны бүс болж бэлчээрийн таван хошуу мал сүрэгтэйгээ бэлчээр ус даган, давхцан олон жил идээшин амьдарсаар байгаа билээ. Говь дагуу таван байршил хэсэгт 101 толгой бөхөн байршиж байгааг мониторинг ажиглалтаар тогтоосон байна.
Одоогоор тус бүс нутагт цасны зузаан 1,0-1,5 см орчим, хүйтний эрч -22/-35 хэм хүрч чангарч байна. Отроор ирсэн бог малын сууриудад өвөлжөө бууц зутруу, нөмөр хаац муутай, хот бууц хөлдөж эхэлсэн байдал ажиглагдаж, отрын мал сүрэгт болон бөхөнгийн сүрэгт бэлчээрийн даац хэтэрч, бэлчээрийн хүрэлцээ муудаж хомсдох төлөвтэй байна гэгдийг онцлон мэдээллээ.