Элсний нүүдэл, шуурганы сөрөг нөлөөг сааруулах ойн зурвас байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2020-12-31 12:10:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн Булган аймгийн Рашаант сумын Элсэнтасархайд элсний нүүдлийг сааруулах, хүчтэй салхины сөрөг нөлөөллийг бууруулах хамгаалалтын ойн зурвас байгуулах туршилт, судалгаа хийж байна.


Салхин талд өндрийн шатлал бүхий ойн зурвас байгуулснаар салхины урсгалын хурдыг 15 м хүртэл зайд 80 гаруй хувиар бууруулах боломжтой. Манай орны бүс нутагт сиймхий бүтэцтэй тарилтыг илүүтэй зөвлөсөн байдаг. Тус хүрээлэнгийн судалгаагаар Алтайн өвөр говь, өмнөд говь гээд шороон шуурга жилийн 100 гаруй өдөр үргэлжлэх бүс нутагт нягт бүтэцтэй ойн зурвас илүү тохиромжтой аж.


Салхины хамгаалалт буюу ойн зурвас байгуулах нь Шороон шуургыг бууруулах шилдэг арга гэдгийг шинжлэх ухаанаар баталжээ.


Ойн зурвасыг 5-10 эгнээ мод тарьж бий болгодог. Мод бүр биологийн онцлогтой учир өндөр ургадаг, дундаж өндөртэй мод, нам бут сөөг гээд ээлжлэн эгнээ үүсгэн тарих аж. Хөндлөнгөөс ажиглахад тор мэт зарим газраа нүхтэй, навч, мөчрөөр халхалсан байх юм. Энэ нүхний хэмжээ хэр байхаас хамаарч ойн зурвасыг нягт, сийрэг, сиймхий бүтэцтэйгээр байгуулна.


Газрын доройтлын түгээмэл хэлбэр бол шороон шуурга. Үзэгдэх орчныг 1 километрээс бага болгодог байгалийн энэхүү үзэгдэл нь газар ашиглалтын буруу үйл ажиллагаа, хүний нөлөөллөөр байгалийн аль ч бүс бүслүүрт үүсэх болсон. Тухайлбал, шалтгааны 20-25 хувийг газрын муу менежменттэй холбожээ.


Хөрсийг буруу ашигласнаас хөрсний бүтэц өөрчлөгдөж, суларсан нарийн ширхгүүд салхины нөлөөнд туугдан агаар мандалд дэгдэн, аэрозолийн манан хэдэн мянган километр үргэлжилнэ. Одоогоор шороон шуурганы нөлөөнд дэлхийн 155 улс өртөөд байгаа. Шороон шуурганы эх үүсвэрийн бүс нутаг хэмээн тодорхойлсон  45 улсын нэг нь Монгол.


Дэлхийд шороон шуурганы гол бүс нутаг Сахарын цөлтэй хиллэх орнууд юм. Эндээс хойшоо, урагшаа, зүүн чигт шороон урсгал үргэлжилнэ.  Төв Азийн бүс нутаг шороон шуурганы 2 чиглэлийн урсгалын талбар болдог. Нэг талаас Сахарын их урсгал нөгөө талаас Говь цөл, Төвөдийн тэгш өндөрлөгөөс баруун урд зүг чиглэсэн хоёр дахь урсгал. Ийнхүү тасралтгүй том шороон бүслүүр Сахарын зүүн үзүүрээс Монгол, Хятадын газар нутгийг дайран үргэлжилдэг аж.

相关新闻