Хүүхдийн төлөө фондод соёл, урлагийн салбарынхан 150 сая төгрөг хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн төлөө сайн дурын байгууллага Хүүхдийн төлөө фондын хөрөнгө хуримтлуулах "Монгол туургатан" оддын теле тоглолтыг телевизээр шууд дамжуулж байна.
Тэртээх 1973 онд анх байгуулсан "Хүүхдийн төлөө фонд"-ын үйл ажиллагааг Монгол Улсын Соёлын яамнаас 30 гаруй жилийн дараа дахин сэргээж өнөөдөр албан ёсоор ийнхүү эхлүүллээ.
Тоглолтыг Соёлын Сайд С.Чулуун нээж хэлсэн үгэндээ соёл, урлагийн салбарын төрийн байгууллагуудад ажиллаж буй бүх албан хаагч, ажилчин, уран бүтээлч буюу 7000 гаруй хүн нэг өдрийн цалин 150 сая гаруй төгрөгийг хандивлах болсныг дуулгалаа. Мөн тус сангийн хамгийн анхны бүтээн байгуулалтын ажил нь Монгол Улсын Хүүхэлдэйн театрын шинэ барилгыг барьж ашиглалтад оруулна гэдгийг онцлов.
Энэхүү хандиваар Хүүхдийн төв номын сангийн бүтээн
байгуулалт болон хүүхдийн хүмүүжил, соёл боловсрол олгох байгууллагуудыг
бэхжүүлэх, нөлөөллийн ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөжээ.