Зорилтот бүлгийн хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-30 13:33:13

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Бауыржан Шинэ жилийн баярыг угтаж зорилтот бүлгийн 114 хүүхдэд гарын бэлэг гардууллаа.

Уг ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар хамтран зохион байгуулсан байна.

Аймгийн Засаг дарга хүүхдүүдэд бэлэг гардуулах ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ, “Хүний хөгжлийн хамгийн эрчимтэй, чухал үе бол бага насны хөгжил юм. Цаашид хүүхдүүдэд чиглэсэн олон ажлыг санаачилж хэрэгжүүлнэ. Өндөр ёс зүйтэй, мэдлэг боловсролтой, бүрэн төлөвшсөн, үнэт зүйлсээ хүндэтгэн дээдэлдэг иргэнийг бүтээсэн улс орон хөгжил дэвшилд хүрдэг. Баян-Өлгий аймагт амьдарч байгаа бидний ирээдүй болсон 38 мянган хүүхдийн сайн сайхны төлөө, тэдэнд сурч боловсрох, зөв хүн болж төлөвших таатай орчин бүрдүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулах болно” хэмээлээ. 

相关新闻