Кемеров мужид орон сууцны нэг орц нурж хүний амь сүйджээ
МОНГОЛЫН МЭДЭЭТавдугаар сарын 31-ний өдөр ОХУ-ын Кемерово мужийн Междуреченск хотод орон сууцны 5 давхар барилгын нэг орц нүд ирмэх зуур нуржээ. Хэдхэн секундын зуур 5 давхар байрны нэг орц нурж буй бичлэг холгүй автомашины зогсоол дээр байсан машины дүрс бичлэгт бичигджээ. Эмгэнэлт явдлын улмаас хоёр хүн нурангид дарагдаж амиа алдсан бөгөөд гурван хүн хүнд гэмтжээ.
Азаар осол гарах үед суугчид ажлаасаа харьж ирээгүй байсан нь олон хүний амьд үлдэх шалтгаан болов. Осол гарснаас хэдхэн хоромын дараа байрны гадаа хүмүүс цугларч, ОБЯ-ны шуурхай албаныхан хүрч иржээ. ОБЯ-ны аврах багийнхан нэг хоногийн турш завсаргүй ажиллаж 6 дугаар сарын 1-нд орцны нурангийг ачиж дуусгажээ.
Мэргэжилтнүүд болон хуулийнхан болсон явдлын шалтгааныг нэгдүгээр давхрын үйлчилгээний газрын засварын ажилтай холбон үзэж байна. Тэдний үзэж буйгаар засварчид байрны засварын үеэр барилгын даацын ханыг хөдөлгөсөн учир байр нурах шалтгаан болсон хэмээн үзэж байна. Уг хэргээр эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Болсон явдалтай холбогдуулан Кемеров мужийн Междуреченск хотод 6 дугаар сарын 1-ний өдрөөс нэгдүгээр давхрын бүх байшин барилгад мэргэжлийн хяналтын шалгалт явуулахаар болов. Мужийн захирагч Аман Тулеев осолд өртсөн иргэдэд түр зуур амьдрах байр олгожээ. Тэрээр 64 айлын сууцыг бүхэлд нь нураах шийдвэр гарч, байрны оршин суугчдад 2 үе шатаар энэ оны эцэс хүртэл орон сууц олгох шийдвэр гарчээ.
Москва хот. А.Огторгуймаа