Цахим сургалтын эрх зүйн орчныг бий болгох нь чухал гэдгийг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-12-22 18:18:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсролын багц хуулийн төслийн хүрээнд Дээд боловсролын тухай хууль, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн цахим хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.


Цахим хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, байнгын хорооны гишүүд, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, дэд сайд Г.Ганбаяр болон 80 гаруй их, дээд сургуулийн багш, удирдлагууд 180 цэгээс оролцов.

Дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын салангид явж ирсэн тогтолцоог шинэчилж, эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн үр ашигтай түншлэлийг бий болгож, өрсөлдөөн, үр дүнд суурилсан санхүүжилтийн хэлбэр, тогтвортой бодлогын дэмжлэгийг хуульчилж байгаагаараа Дээд боловсролын тухай, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд онцлог юм.
Санал хэлсэн их, дээд сургуулийн багш, удирдлагыг төлөөлж МУИС-ийн багш н.Батцэнгэл “Дээд боловсролын хуулийн хүрээнд бид их, дээд сургуулийн хоорондын ялгааг гаргах, шалгуурыг тодорхой болгож байгаа нь зүйтэй гэж үзэж байна. Их, дээд сургуулиудад тавих шаардлагыг тодорхой тусгах хэрэгтэй” гэв. Харин Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн захирал Б.Мөнхбаяр “Боловсролын үйл ажиллагааны ирээдүйн чиг хандлага цахим сургалт руу чиглэж байна. Иймд цахим сургалтын эрх зүйн орчныг бий болгох нь чухал” гэв.
МУБИС-ийн багш, удирдлагын нэгтгэсэн саналд, “Бид ирэх 10, 20 жилийг харсан хуулийг боловсруулах шаардлагатай. Сургалт, багшийн чанар бол боловсролын чанарын асуудал юм. Иймд багш бэлтгэх тогтолцоонд анхаарч байгаа. Багш бэлтгэх тогтолцоог чанартай байлгах үндсэн хөшүүрэг нь чанартай элсэгчдийг авах ёстой. Багш бэлтгэх оюутны төлбөрийг төрөөс хариуцах, эсвэл багш бэлтгэж байгаа их, дээд сургуулийн багш нарын цалинг төрөөс хариуцах, багш бэлтгэж буй их сургуулийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх асуудалд анхаарах нь хамгийн чухал байна” хэмээв.
Цахим хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүн Ч.Ундрам, Г.Дамдинням, Ц.Мөнхцэцэг, Б.Баярсайхан, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм.

相关新闻