Гэрийн ажиглалтын 14 хоногийн хугацаа дуусаагүй 1379 иргэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтын 14 хоногийн хугацаа дуусаагүй 1379 иргэн байна.
Тодруулбал, тус аймгийн хэмжээнд голомттой бүс нутгаас 3719 иргэн ирснийг 27 сумын эрүүл мэндийн төв болон мэргэжлийн байгууллагуудын хяналтад авч, өдөр бүр утсаар хяналт тандалт хийж, гэртээ өөрийгөө тусгаарлан ажиглах болон халдвар хамгааллын зөвлөгөө, зөвлөмж өгч байгаа аж.
Мөн 12 дугаар сарын 1-7-ны хооронд нийслэл болон бусад аймгаас ирсэн иргэдийн гэрийн ажиглалтын 14 хоногийн хугацаа дуусаж ажиглалтаас гарсан байгаа. Харин ажиглалтын хугацаа дуусаагүй 1379 иргэн байна. Үүнээс Зуунмод суманд 247 иргэн байгаа бол 1132 иргэн бусад суманд эрүүл мэндийн төв болон мэргэжлийн байгууллагын хяналтад байгаа гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа мэдээллээ.