Хархорин дахь гурил, тэжээлийн үйлдвэрийг сэргээхээр ярилцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг 2021 оныг “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих”
жил болгон зарласан. Энэ хүрээнд Хархорин сум дахь гурил, тэжээлийн үйлдвэрийг сэргээн
ашиглалтад оруулах талаар ярилцаж байна.
Энэ сарын 16-ны өдөр аймгийн Засаг дарга А.Ишдорж Хархорин суманд ажиллаж, хуучнаар ТЭДС буюу Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагаатай танилцан нөхцөл байдлыг судалсан юм. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 1996 онд ашиглалтад оруулсан гурилын үйлдвэрийн барилгыг Засгийн газрын 2002 оны 147-р тогтоолоор ХХААХҮЯ-ны ТЭДС-ийн Хархорин салбарын хөрөнгө болгон шилжүүлсэн бөгөөд жилд 10 мянган тонн үр тариа хадгалах багтаамжтай агуулах, цагт 50 тонн будаа хатаах хүчин чадалтай төхөөрөмж, 1600 га эргэлтийн талбай зэрэг 13 обьектыг эзэмшин үйл ажиллагаа явуулж байна.
Тус сангийн
харьяаллыг орон нутагт шилжүүлж, хүчин чадлыг бүрэн ажиллуулснаар жилд 300 тонн
хивэг, 60 мянган боодол тэжээл үйлдвэрлэж, аймгийнхаа эрэлт хэрэгцээг бүрэн
хангах боломжтой хэмээн үзэж байгаа юм.