Д.Нарантуяа: Эмнэлгийн ажилтнуудын хамгаалах хувцас, хэрэгслийн нэг сарын нөөцтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/
Булган аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Дамбийн
Нарантуяатай уулзаж ярилцлаа.
- “Ковид-19” цар тахлын сэжигтэй тохиолдлыг манай аймагт шууд оношлох боломж байгаа юу?
- “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа, өвчлөлийг эрт илрүүлэх тандалт судалгааг аймгийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Өвчлөлийн сэжигтэй тохиолдол илэрдэг юм уу, түргэвчилсэн тестээр эерэг гарсан тохиолдолд Орхон аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн вируслогийн лабораторид PCR шинжилгээ хийж баталгаажуулна. Хариу нь 24 цагийн дотор гардаг. Өнөөдрийн байдлаар сэжигтэй тохиолдол гараагүй байна. “Ковид-19” халдвар бүртгэгдсэн газраас ирсэн 13 иргэний шинжилгээг баталгаажуулахаар PCR шинжилгээ хийлгэхэд сөрөг гарсан. Манай аймагт 11 дүгээр сарын 11-нээс хойш 1346 иргэний түргэвчилсэн тестээр шинжилгээ бүгд сөрөг гарсан.
- Эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг халдвараас хамгаалах бэлэн байдал ямар байна вэ?
- Халдварт өвчинтэй тэмцэхэд эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангаж байна. Эмнэлгийн ажиллагсдыг халдвараас хамгаалах хувцас, хэрэгслийн бэлэн байдлын нэг сарын нөөцтэй. Эмч сувилагч нарыг эмчлэх, оношлох, халдваргүйтгэл хийх, сургалт сурталчилгаанд сургаж дадлагажуулж байгаа. Халдварт өвчин судлалын үндэсний сургагч багш нарын сургалтад 670 гаруй ажилчдыг хамруулсан. Өөрсдөө орон нутагтаа сургагч багш нарыг 15 хүний бүрэлдэхүүнтэй багийг бэлтгэлээ. Бүх сумын эрүүл мэндийн төвд явж сургалт хийж, газар дээр нь дадлага зохион байгуулсан. Эмнэлгийн ажиллагсдыг халдварт өвчинтэй тэмцэх сургалтад 5-8 удаа хамруулсан. Цаашдаа үргэлжлүүлж 20 удаагийн сургалт, дадлага хийнэ.
“Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний төлөвлөгөөг Онцгой комиссын даргаар батлуулан ажиллаж байна.
- Гэрийн ажиглалтыг хэрхэн зохион байгуулж байна вэ?
- Монгол Улсын Шадар сайдын шийдвэрийн дагуу өвчлөл бүртгэгдсэн аймаг, хотоос ирсэн иргэдэд долоо хоногийн хугацаанд хяналт тавьж байна. Нийтдээ 967 иргэнд тандалт, судалгаа хийж байна. Тухайн хүн гэрийн ажиглалтад байхдаа өөрийн мэдээллээ эрүүл мэндийн байгууллагад өгнө. Өдөр болгон биеийн байдлыг асууж тандалт хийж, хугацаа дуусахаар шинжилгээ авч батлгаажуулна. Шинжилгээ авахдаа нэг гэрт хэдэн хүн ирснээс шалтгаалан шинжилгээ авч байгаа. Хэрэв 3-4 хүн хамт ирээд гэрийн ажиглалтад нэг дор байсан бол нэг хүнээс төлөөлж шинжилгээ авдаг. Хоорондоо 3-4 хоногийн зайтай ирж нэг дор байгаа тохиолдолд хамгийн сүүлд ирсэн хүнээс шинжилгээ авч байна. Харин албан ажлаар явсан бүх хүнээс шинжилгээ авдаг.
- Томуу, томуу төст өвчний гаралт нэмэгддэг цаг үе болж байна. Энэ төрлийн өвчлөл ямар байна вэ?
- Иргэд амны хаалт зүүж
байгаагийн үр дүнд томуугийн өвчлөл бага байна. Өнгөрсөн долоо хоногт
амбулаторийн үзлэгийн 0,7 хувийг томуу, томуу төст өвчний өвчлөл эзэлж байна. Өнгөрсөн
10 дугаар сарынхаас буурсан үзүүлэлттэй байгаа. Хүүхдийн өвчлөл харьцангуй бага
байна. Өмнөх жилүүдийн өдий үед аймгийн Нэгдсэн эмнэлэгт 34-35 хүүхдийг
хэвтүүлэн эмчилдэг байсан. Харин өнөөдрийн байдлаар хүүхдийн тасгийн 18 ор
хангалттай эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна.