“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ уурхайн хяналтын Sentry системийг туршлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-12-16 21:30:49
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ ”Эрдэнэт үйлдвэрийн Геологи маркшейдерийн хэлтсийн болон Ил уурхайн маркшейдерууд “АйТи Экспертс” ХХК-тай хамтран Австрали улсын Maptek компанийн Sentry системийг Монголд анх удаа 20 хоногийн хугацаанд туршлаа.

Sentry систем нь ил болон далд уурхайн хананы тогтворжилтын байнгын хяналт мониторинг хийдэг систем бөгөөд XR-3 лазер скайнерт түшиглэн хийсэн байна. 2017 оноос XR-3 лазер скайнерыг үйлдвэрт маш үр дүнтэй ашиглаж иржээ. Харин Sentry системийн бусад бүрдэл болох программ хангамж, цаг уурын станц  нь Австрали улсаас 10 дугаар сарын сүүлээр ирж “АйТи Экспертс” ХХК-ийн мэргэжилтнүүд холболт тохируулгын ажлыг хийсэн байна.

Мөн хяналтын үйл явц болон өгөгдөл боловсруулалтын ажлыг Австрали улсын Maptek компанийн мэргэжилтнүүд хийжээ. Уурхайн насжилт нэмэгдэж, гүнзгийрэхийн хэрээр уурхайн хананд нуралт үүсэх эрсдэл бий болдог. Тиймээс уурхайн тогтвортой байдал алдагдаж, нуралт үүсэх эрсдэлээс сэргийлэн, аюулгүй байдлыг хангахад тус систем нь чухал үүрэгтэй. Sentry системийг уурхайд туршиж, нэвтрүүлснээр олон улсын жишигт нийцсэн уурхайн хяналт хийх боломж бүрдэх юм.

相关新闻