Малчдад хямдралтай үнээр өвс тэжээл олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-12-14 20:11:41

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, мал идэш тэжээлийн хомсдолд орж байна. Үүний зэрэгцээ өвсний үнэ нэмэгдэж, нэг боодол нь 13500-15000-д хүрч байгаа нь малчдыг эдийн засгийн хүнд байдалд оруулж байгаа юм.

Тиймээс аймгийн Онцгой комисс шийдвэр гаргаж, малчин өрх бүрт таван боодол өвсийг 10 мянган төгрөгөөр нийлүүлэн үнийн зөрүүг аж ахуйн нэгжид олгох ажлыг зохион байгуулж эхэллээ. Аймгийн хэмжээнд нийт 14431 малчин өрхөд 72155 боодол өвсийг хямдруулан өгөхөд үнийн зөрүү 188 сая төгрөг болж байгаа аж.

Мөн аймгийн Онцгой комиссоос бусад аймгийн нутагт отроор яваа малчин өрх бүрт 250 кг нүүрсний дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ. Аймгийн хэмжээнд 1900 гаруй малчин өрх 15 аймгийн 143 суманд оторлож байна. Аймгийн Засаг дарга А.Ишдорж энэ долоо хоногоос эхлэн холын аймгуудад өвөлжиж байгаа отрын малчдаа эргэж тойрох, тухайн сумдын удирдлагуудтай уулзаж гэрээ хэлцэл хийх, нүүрс хүргэж өгөх ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

相关新闻