Өнгөтийн цогцолбор
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт, Улаанбаатар хотоос баруун зүгт 80 гаруй км зайтай Туул голын хойд хөндийд Өнгөт уулын бэлд “Өнгөтийн цогцолбор” дурсгал оршдог. Уг цогцолбор дурсгал нь VI-VIII зууны Түрэгийн хаант улсын үеийн тахил шүтээний цогцолбор дурсгалын дотор томоохонд орох, харьцангуй сайн судлагдсан дурсгалын нэг юм.
Цогцолборыг тойруулан 55х38 м хэмжээтэй гонзгой дөрвөлжин
хэлбэртэй далан хэрмээр хүрээлсэн бөгөөд далангийн булангууд нь мөлгөр байх аж.
Шороон далангийн зүүн талаас “балбал” хэмээх зэл чулуудыг зүүн тийш цувруулан
зоосон нь хоёр км гаруй үргэлжлэх ба зэл чулууны тоо нь 550 гаруйд хүрдэг.
Анхны байрлалаа хэвээр нь хадгалан үлдсэн эдгээр зүйлсээс гадна шороон
далангийн дотор талаар олон тооны чулуун хөшөө ойчин ундуй сундуй тархсан
байдалтай байдаг.
Судлаачид хүн чулуудын тоог харилцан адилгүй тодорхойлсоор
ирсэн бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар 30 гаруй тусдаа хүн чулууны хугархай
хэсэг илэрч мэдэгдсэн байна. Үүнээс үзэхэд Монгол болоод нийт Төв Азид судлан шинжилсэн хүн
чулуут цогцолбор дурсгалуудын дотроос Өнгөтийн дурсгал нь хамгийн олон хүн
чулуутайд тооцогдох аж. Мөн энд хүн чулуудаас гадна чулуун хонь, арслан зэрэг
амьтдын хөшөө бий. Өнгөтийн дурсгалын хүн чулууны хийц загвар, бусад нутгаас
олдсон ижил төрлийн дурсгалуудаас дүрслэлийн хувьд нэлээд өвөрмөц онцлогтой.
Өнгөтийн дурсгалд явуулсан малтлага судалгаагаар морин цэргийн довтолгооноос
хамгаалах зорилготой, дөрвөн хурц үзүүртэй, яаж ч шидсэн нэг үзүүр нь дээш харж
унадаг “шөрөг” хэмээх төмөр өргөсөн зэвсэг олон тоотой илэрсэн юм.
Түүнчлэн уг цогцолборт явуулсан малтлага судалгаагаар дээврийн
ваар зэрэг барилгын хэрэглэгдэхүүн олон гарсан нь энд дээдсийн тахилын сүм
байсныг гэрчлэх ба малтлагын явцад бас чулуун хашлагыг тойрон байрласан 13
модон баганын суурь илэрсэн нь үүнийг давхар нотлож байна.
2006 онд Соёлын өвийн төвөөс Өнгөтийн цогцолборын чулуун
дурсгалуудыг бэхжүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Харин тус дурсгалыг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад байх дурсгалын
жагсаалтад оруулжээ.