Малын эрүүл мэндийн бичиггүй мал бүхий иргэдийг оруулахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-12-14 15:08:02

Дорнод /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд Дорнод аймгийг зорих малчдын тоо ихсэх болсон. Ялангуяа отор хийж буй байдалтайгаар эхлээд цөөн малтай ирж өвөлжин, хэсэг хугацааны дараа ах дүү, хамаатан саднаараа ирж суурьших явдал газар аваад байгаа юм.

Засгийн газрын 43 дугаар журмаар шилжилт хөдөлгөөн хийхээсээ өмнө тухайн очих гэж байгаа газрынхаа сум, багийн даргаас зөвшөөрөл авсан байх ёстой гэж заасан байдаг. Мөн мал амьтны эрүүл мэндийн тухай хуулиар, малаа эрүүл гэдгийг нотлох, вакцин дархлаажуулалтад хамруулсан байх шаардлага тавьдаг ч бодит байдал дээр малчид малын эрүүл мэндийн бичгээ авсан л бол нүүгээд ирчихдэг. Энэ нь бэлчээрийн даац хэтрэх, малын халдварт өвчин гарах зэрэг олон эрсдлийг дагуулж хаа хаанаа хүндрэл учруулж байна. Тиймээс Дорнод аймаг малын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах дээрх Засгийн газрын журмыг зөрчсөн мал бүхий иргэдийг оруулахгүй байх, энэ журмын хэрэгжилтийг хангах талаар хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэллээ.

Энэ хүрээнд аймгийн Засаг дарга бусад аймагт малын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах Засгийн газрын журмыг хэрэгжүүлж ажиллах асуудлаар хандаад байна. Мөн аймгийн ИТХ-аар бэлчээр, малын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах журам батлуулж, шилжин ирж байгаа мал, мал бүхий иргэдэд нутаг зааж өгөх зохицуулалт хийхээр болжээ. Түүнчлэн урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл аваагүй, малын эрүүл мэндийн бичиггүй мал бүхий иргэдийг оруулахгүй байх шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргаад байна.

相关新闻