ЕХ-ны дөрвөн орон "Европ-Иран"-ы бизнес форумд оролцохоос татгалзав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПАРИС. /AFP/. Франц, Герман, Австри, Италийн Элчин сайд нар “Amad News” мэдээллийн цахим хуудасны эрхлэгч Рухолл Замыг цаазаар авсантай холбоотойгоор “Европ-Иран”-ы бизнес форумд оролцохгүй гэдгээ мэдэгдэв.
“Сэтгүүлч Рухолл Замаг харгис хэрцгийгээр цаазаар авсантай холбоотойгоор Франц улс Герман, Австри болон Итали улсын хамтаар 12 дугаар сарын 14-нд товлосон “Европ-Иран”-ы бизнес форум Элчин сайд нараа оруулцахгүй байхаар шийдлээ” гэж Францын Гадаад хэргийн яам твиттер хуудсандаа мэдэгджээ.
Үүнтэй зэрэгцэн 12 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байсан форумыг хойшлуулсан тухай зохион байгуулагчдынх нь мэдэгдэл гарсан байна.
12 дугаар сарын 12-ны өглөө Ираны эрх баригчид Рухолл Замд оноосон цаазын ялыг гүйцэтгэсэн юм. Түүнийг цаазаар авсныг Герман, Франц, Итали зэрэг хэд хэдэн орны Гадаад хэргийн яам эрс буруушаажээ.
Ираны Зэвсэгт хүчний элит анги болох Лалын хувьсгалыг хамгаалах корпус Рухолл Замыг баривчилсан тухай 2019 оны 10 дугаар сарын 14-нд мэдээлжээ. Түүнийг Засгийн газрын эсрэг үйл ажиллагаа явуулсан”, Франц, АНУ, Израилын тагнуулуудтай хамтран ажилласан хэрэгт буруутгаж, улмаар цаазаар авах ял оноосон юм. Рухолл Замд оноосон цаазын ялыг Ираны дээд шүүх хэвээр үлдээснийг давж заалдах шатны шүүхийн албан ёсны төлөөлөгч 12 дугаар сарын 8-нд мэдэгджээ. Рухолл Зам нь үйл ажиллагаагаа гадаадаас явуулдаг Ираны сэтгүүлч, идэвхтэн гэдгээрээ алдартай байсан билээ.
