Оторчдоос түрээс авсан малчдад арга хэмжээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-13 02:39:10

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг даргын удаа дараа гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй өөр аймгийн оторчдоос түрээс авсан малчдад газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах, торгох арга хэмжээ авчээ.

Өөр аймаг, сумын малчдыг дур мэдэн буулгасан 14 малчны өвөлжөө, хаваржааны газар эзэмших гэрчилгээг цуцалж, газар эзэмших гэрчилгээгүй 10 малчинд торгууль ногдуулаад байна.

Энэ жил тус суманд зуншлага оройтож бороо хур багатай, газрын гарц ургац тааруу, мал тарга хүчээ бүрэн аваагүй, бэлчээрийн даац 4-5 дахин хэтэрч талхлагдсан, үлийн цагаан огтоно нийт бэлчээрийн 80 хувьд тархсан зэргээс шалтгаалж Бэрх, Хөгнө багт өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Иймээс өнгөрсөн 8 дугаар сараас эхлэн сумын малчдад өөр аймаг, сумын отрын мал, малчин өрх оруулж өвөлжүүлж хаваржуулахгүй байхыг сумын Засаг даргын албан даалгавар, мэдэгдэл өгч, удаа дараа анхааруулсан боловч гадны аймаг, сумын отрын малчдаас түрээс авч зөвшөөрөлгүй газар дур мэдэн буулгасаар байгаа учир зарим малчинд хариуцлага тооцсон тухай сумын Засаг даргын Тамгын газар мэдээлжээ.

相关新闻