Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн талбайд нөхөн сэргээлт хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ашигт малтмалын 13 лиценз идэвхтэй байсныг 2019 онд цуцалж, компаниудын үйл ажиллагааг зогсоосон.
Өнөөдрийн байдлаар алт олборлож эвдэгдсэн газарт нийт 355,3 га-д техникийн, 90 га-д биологийн нөхөн сэргээлтийг хийгээд байна. Харин энэ онд "Эм Жи Эйч" ХХК-ийн БОАЖЯ-ны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын баталгааны дансанд байршуулсан хөрөнгөөр 10 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг мэргэжлийн эрх бүхий "Грийнфит" ХХК-аар гүйцэтгүүлсэн. Мөн MV-001410 тусгай зөвшөөрөлтэй "БМНС" ХХК-аар 15 га-д техникийн, 14 га-д биологийн нөхөн сэргээлтийг өөрийнх нь хөрөнгөөр хийлгүүлжээ. Өөрөөр хэлбэл, энэ онд нийт 39 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн байна.
Цэнхэр сумын Орхон багт тусгай ашигт малтмалын зөвшөөрөл эзэмшиж байсан, нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй "Монгол газар" ХХК, "Эм Жи Эйч", "Сэншивэй Монгол" ХХК-ийн талбайд мэргэжлийн байгууллагаар байгаль орчинд учруулсан 306 тэрбум төгрөгийн хохирол, 11 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлтийн ажлын зардлыг тооцуулж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн, эрүүгийн хэрэг үүсгээд байна.