“Эрсдэлийн үнэлгээ” хийлгэж тэнцсэн байгууллагуудын үйл ажиллагааг нээж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-12-10 12:00:23
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Тус аймагт “Номин” супермаркет, “Есөн-Эрдэнэ” худалдааны төв болон такси үйлчилгээний зарим компани, аж ахуйн нэгжүүд Шуурхай штабаас өгсөн чиглэлийн дагуу “Эрсдэлийн үнэлгээ” хийлгэж үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж эхэллээ. “Эрсдэлийн үнэлгээ”-г дараах аргачлалаар хийж байна. Тухайлбал,

1. Гадаад орчны эргэн тойрон 50 метр газарт их цэвэрлэгээ хийх, цас мөсийг арилгах, халтиргаа гулгаанаас сэргийлэх

2. Автомашины зогсоолтой үйлчилгээний газрууд зогсоолын талбайн гуравны нэг багтаамжаар автомашиныг байршуулахаар төлөвлөж, зохицуулалт хийх 3-4 ажилтныг томилгоожуулах

3. Үйлчлүүлэгчдийг угтах хөтчийг томилгоожуулж, иргэдийн халууныг заавал шалгаж, гарыг ариутгаж нэвтрүүлэх

4. Үйлчлүүлэгчдийн орох, гарах хөдөлгөөнийг нэг урсгалаар зохицуулах

5. Нэг үйлчлүүлэгчид 4м2 талбай байхаар тооцож, нэг удаад үйлчлүүлэх иргэдийн тоог хязгаарлаж, хүн хоорондын зай хоёр метрээс доошгүй байх

6. Мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа санамж, сэрэмжлүүлэг мэдээллийг хүний нүдэнд харагдахуйц байдлаар байрлуулах, шалан дээр ЗАЙ БАРЬ тэмдэг тэмдэглэгээ байрлуулах

7. Лангуу түрээслэгчдийн ажлын байранд 50 хувийг ажиллуулахаар гарагийн хуваарь гарган баталгаажуулах, лангуу хоорондын зай хэмжээг сийрэгжүүлэх

8. Үйлчлүүлэгч, худалдагч нарын халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх, амны хаалт зүүлгэж, гарыг байнга халдваргүйжүүлэх

9. Кассын ажилтан/худалдагч/-ыг хамгаалах хаалт хийх /шилэн болон пелонк ашиглах/, хамгаалалтын шинэ санаачилга нэвтрүүлэх, бэлэн мөнгөтэй харьцахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, пос машиныг тогтмол ариутгах

10. Ариутгал хийдэг мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгуулан халдваргүйтгэлийг тогтмол хийлгэх

11. Коронавируст халдварын болон томуугийн шинж тэмдэг бүхий хүнд үйлчлэхгүй байх, мэдээллийг холбогдох байгууллагад хүргэх

 

相关新闻