Хоёр өдөрт 1000 орчим иргэнээ хүлээн авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комисс улсын Онцгой комиссын шийдвэрээр иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж, өнгөрсөн хоёр өдөрт 1000 орчим иргэнээ хүлээн аваад байна.
Өдөрт Улаанбаатар хотоос таван автобус 200 зорчигчтой, харин хувийн унаагаар 300 орчим иргэн ирж байгаа ажээ. 12 дугаар сарын 2-нд аймгийн хэмжээнд 450 иргэн ирснээс Есөнбулаг суманд 113 хүн гэрийн тусгаарлалтад шилжжээ.
11 дүгээр сарын 30-ны байдлаар Улаанбаатар хотоос Говь-Алтай аймагт ирэх хүсэлтэй 4000 орчим иргэн www.119.mn сайтад бүртгүүлжээ. Орон нутагтаа ирж байгаа иргэд 14 хоног хөл хорионы дэглэм баримтлан гэрийн тусгаарлалтад байх юм. Аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран ирсэн иргэдийг бүртгэх, халууныг нь хэмжих, баталгааны хуудас өгөх, зөвлөгөө мэдээллээр ханган дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна. Улаанбаатар хотоос ирэгсдийг шууд гэрт нь хүргэхийн тулд сум бүрээс тээврийн хэрэгсэл ирж авч байгааг холбогдох албанаас мэдээллээ.
Тэд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийн дагуу дэглэм сахиж, гэрийн ажиглалтад байх ёстой ба өвчний шинж тэмдэг илэрвэл, харьяа эрүүл мэндийн төвд хандахыг аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас анхааруулав. Түүнчлэн голомтын бүс нутгаас аймагт ирж буй иргэдийг гэрийн ажиглалтад байлгах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Иргэн бүр хариуцлагатай байж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг Цагдаагийн газраас сануулсан юм.