Мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд энэ оны 12 дугаар сарын 1-нээс ирэх оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүртэл мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглов.
Цаг агаар хүйтэрч зам болон бусад зорчих хэсгээр халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл хүндэрч байгаа тул ослоос үүдэлтэй хүний эрүүл мэндэд учирч болох эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой юм. Тус аймгийн хэмжээнд он гарсаар мотоциклтой холбоотой 21 дуудлага Цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд ослын улмаас 5 хүн нас барж, 7 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Иймээс ард иргэдийг хүйтний улиралд эрүүл мэндээрээ хохирч эрсдэлд өртөхгүйн тулд мотоциклоор зорчихгүй байхыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас анхаарууллаа.