Биржийн арилжаанд хөндлөнгөөс оролцож болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржээс үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох сургалтыг иргэд, ААН-д сар бүр зохион байгуулж байна. Энэ хүрээнд манай улсын үнэт цаасны зах зээлд нэвтрүүлж буй арилжааны системийн хэрэглээг иргэд сургаж байна. Тухайлбал, демо буюу хийсвэр арилжааны системийг нэвтрүүлж, ашиглалтанд оруулаад байна.
Демо буюу хийсвэр арилжааны систем нь бодит мөнгөөр арилжаанд оролцож эхлэхээс өмнө хийсвэр мөнгөөр буюу хийсвэр байдлаар арилжаанд орж, үнэт цаас хувьцаа арилжих дадлага хийх, хөрөнгөө өсгөх арга барилаа олоход туслах систем юм. Тодруулбал, иргэд энэхүү системийг ашиглан өөрийн демо дансыг хүссэн дүнгээрээ цэнэглэж, Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаануудаас сонгон тухайн өдрийн арилжааны бодит ханшаар худалдан авах эсвэл эргүүлэн худалдаж, холбогдон гарах брокерийн шимтгэлийг төлөх зэргээр бирж дээр явагдаж буй бодит арилжааны туршлагыг олж авах юм.
Түүнчилэн тус системийн "Дансны шинжилгээ" функц нь таны хийсэн арилжааны ашиг, алдагдлыг өдөр бүр тооцоолж харуулах тул хөрөнгийн зах зээлийг сонирхогч бүх насны хүмүүс ашиглах боломжтойг Монголын Хөрөнгийн биржийн Зах зээлийн хөгжлийн албаны мэргэжилтэн П.Нямдорж хэлж байна. Демо системийг ашиглан үнэт цаасны арилжаанд оролцох өөрийн дадлага, туршлагыг бий болгохоос гадна, тус системийг ашиглан тэмцээн уралдаан зохиох зэргээр ч ашиглах боломжтойг тэрээр хэлэв.
Монголын Хөрөнгийн бирж нь иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хөрөнгийн зах зээлд оролцох иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор арилжааны энэхүү системийг нэвтрүүлжээ. Хийсвэр арилжааны системийг ашиглахын тулд, юуны түрүүнд системийн гарын авлагатай танилцан http://orderbook.mse.mn/demo хаягаар бүртгүүлж, ажлын өдөр бүрийн 10.00-13.00 цагт арилжаанд оролцож, хөрөнгийн зах зээлийн туршлагатай хөрөнгө оруулагч болох эхлэл тавигдана гэдгийг зөвлөж байна.
Үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох сургалт Гамшгаас хамгаалах бүх нийтийн Бэлэн байдлын нөхцөлд цахимаар болж байна. Ээлжит сургалт энэ 12 дугаар сарын 14-нөөс явагдах талаар Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ. Тодруулбал, цахим сургалт даваа-баасан гаригийн 14:00-18:50 цагт (Zoom сургалтын программаар) явагдаж үнэт цаасны зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын удирдлагууд, мэргэжилтнүүд онол, практик хосолсон хэлбэрээр хичээлийг удирдан явуулах аж.