Замын-Үүд, Айраг суманд коронавирусний халдварын тохиолдол дахин илэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-11-21 20:37:52

Дорноговь /МОНЦАМЭ/.Энэ оны 11 дүгээр сарын 21-ний 13.00 цагийн байдлаар шинэ корона вирусний халдварын 12 тохиолдол Дорноговь аймагт илрээд байна.

Үүнд Айраг суманд хоёр, Замын-Үүд суманд дөрвөн тохиолдол нэмж илэрсэн бөгөөд тэдний  ойрын болон дам хавьтлын хүмүүсийн байршлыг тогтоож тусгаарлалтад аваад байгаа юм. Аймгийн Онцгой комиссын мэдээлснээр халдварын тохиолдол төмөр зам  дагуу сумдад гарч байна.

Учир нь илэрсэн хүмүүс Дархан-Уул аймагт тэмцээнд  хамт оролцсон  бөгөөд гэр бүлд нь халдвар тархсан. Одоогийн байдлаар Айраг суманд нэг, Сайншанд суманд ес, Замын-Үүд суманд 14, нийт 24 хүнийг тусгаарласан.

Тандалт шинжилгээнд хамрагдаж байгаа хүмүүсийн шинжилгээг ээлж дараалан ХӨСҮТ-д явуулж байгаа. Хүнд нөхцөл байдалтай холбогдуулан  дөрвөн байгууллагын 12 хүний бүрэлдэхүүнтэй хяналт тандалтын багийг байгуулан ажиллаж байгааг дурдсан юм.

ЭМЯ-нөөс өнгөрсөн өдрүүдэд 10 мянган түргэвчилсэн оношлуурыг Дорноговьд ирүүлсэн бол нэмж таван мянган түргэвчилсэн оношлуурыг Замын-Үүдэд хүлээн авахаас гадна тус суманд шинээр молекул биологийн лабаоратори байгуулахаар техник тоног төхөөрөмж, боловсон хүчнийг Улаанбаатараас татан авчээ.

Дорноговь аймагт өнөөдөр хоёр халдвар судлаач, нэг лабораторийн эмч ажиллаж байгаа бол улсын Онцгой комисс, Шуурхай штабын холбогдох  албаныхан Дорноговьд ажиллаж байна. 

Орон нутгаас хөл хорионы хатуу дэглэмийг мөрдөж байгаа бөгөөд өөр аймгаас хүний хөл хөдөлгөөн оруулахгүй мөн бусад аймаг руу авто тээврийн хөл хөдөлгөөн хийхгүй хэвээр байна.

相关新闻