Аймгийн Засаг дарга хяналтын цэгийн нөхцөл байдалтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-11-21 13:59:14

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга А.Ишдорж Арвайхээр сумын хяналтын цэгийн үйл ажиллагаа, тэнд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын нөхцөл байдалтай танилцлаа.

 

Коронавирусний халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас иргэдийн өвлийн идшийг хяналтын цэгээр дамжуулан авах шийдвэрийг гаргасны дагуу идэш хоол, өвс тэжээлээ өгөлцөж авах гэсэн малчдын хөл хөдөлгөөн их байв. Тэнд ирсэн малчдын зүгээс аймгийн Засаг даргатай уулзаж, хивэг, өвс тэжээлийн хангалт, хүртээмжийн талаар асууж байсан юм.

 

Мөн аймаг руу орох, дамжин өнгөрөх гэсэн том, жижиг тээврийн хэрэгслүүд ачаалал үүсгэсэн харагдана. Баруун аймгууд руу дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийг Арвайхээр суманд зогсоолгүйгээр явуулахын тулд цагдаагийн албанаас хамгаалалтын арга хэмжээ авч, тусгай зориулалтын машинаар дагуулан нэвтрүүлж байгаа юм.

Мөн авто замын шалган нэвтрүүлэх цэгт мэргэжлийн анги, байгууллагууд ажиллаж, иргэдээс тандалт судалгаа хийн цахимаар асуумж авч, аймаг руу орох иргэдэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж байна.

 

Аймгийн Засаг дарга А.Ишдорж тухайн нөхцөл байдалтай танилцан, алба хаагчид, иргэдийн санал хүсэлтийг сонссон бөгөөд амны хаалтыг нэмж олгох, гэр нэмж барихаар шийдвэрлэлээ. Мөн хүнс, тээврийн жолоочдод хандан мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлж, аюулгүй байдлаа хангах, тээврээс буусан тохиолдолд өөрийгөө тусгаарлан гэр орондоо, нийгэмд эрсдэл дагуулахгүй байхын төлөө хичээхийг захиж байв.

Аймгийн Онцгой комиссын зүгээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн арав хоногийн хугацаанд нөөц бүрдүүлэх, алба хаагчдыг хамгаалах хувцас хэрэгслээр хангахад зориулж 120 сая төгрөгийг шийдвэрлэн зарцуулаад байна.

相关新闻