Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн материал цахимаар хүлээн авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн материал хүлээн авах хугацааг энэ сарын 25 хүртэл сунгаж, цахимаар хүлээн авах болжээ.
Энэ жил уламжлал ёсоор зарлаж, тэтгэлэгт нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 15-ны дотор шуудангаар хүлээн авахаа Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлээд байсан юм. Гэвч коронавирусний эрсдлээс сэргийлэх үүднээс Засгийн газар, УОК-оос ирэх сарын 1 хүртэл “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлэх шийдвэр гаргасан тул материалыг шуудангаар хүлээн авах боломжгүй болжээ. Тиймээс энэ сарын 25 хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын press@president.mn мэйл хаягаар хүлээн авч байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, МСҮТ-ийн 30 хүртэлх суралцагчид олгодог юм.