Нэг сараас доошгүй хоногийн нүүрс нөөцлөх үүрэг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-11-19 21:19:49

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга А.Ишдорж Эрчим хүчний зохицуулах зөвлөлтэй хамтран дулааны эрчим хүч үйлдвэрлэгчидтэй өнөөдөр уулзалт хийлээ.

“Өвлийн улирал эхлэхийн зэрэгцээ хөл хорионы дэглэмд шилжсэн энэ үед аймгаараа “гал” алдахгүй байх нь дулаан үйлдвэрлэгчдийн үүрэг хариуцлагатай шууд холбоотой учраас уурын зуухны галлагаанд тулгамдаж буй асуудал, үнэ тариф, цаашид авах хэмжээний талаар шийдвэр гаргана” хэмээн уулзалтын эхэнд тэрбээр хэлэв.

Өвөрхангай аймгийн хэмжээнд дулаан үйлдвэрлэгч 32 аж ахуйн нэгж байдгаас 20 хүн уулзалтад оролцлоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга болон Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга О.Батжаргал нар хэд хэдэн үүрэг чиглэлийг өгсөн юм. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулахад уурын зуух хариуцагч аж ахуйн нэгж бүр сэтгэл гарган дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ажиллах шаардлага тавьж, энэ байдлыг харгалзан 10 хувийн нэмэгдэл олгохоо шийдвэрлэнэ гэлээ. Агаарын бохирдлын асуудлаар ирэх жилд эрс шинэчлэл хийнэ гэдгийг тэрбээр мэдэгдэв. Мөн хөл хорио цаашид хэр хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй учраас нүүрсээ 10 хоногийн дотор татан авч, сараас доошгүй хоногийн нөөц бүрдүүлэх, нүүрс тээвэрлэх жолоочийнхоо аюулгүй байдалд анхааран дэглэм сахиулах үүргийг өглөө.

Мөн хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд Орхон, Дархан-Уул аймаг чиглэлээс ирсэн тээврийн хэрэгслүүдэд нүүрс тээвэрлэх зөвшөөрлийг олгохгүй гэдгийг мэдэгдсэн юм.
Дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд гэнэтийн эвдрэл, гэмтэл үүсэх тохиолдол гардаг учраас шаардлагатай сэлбэг хэрэгслээ эртхэн захиж, авчруулах, дулаан үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах тооцоо, судалгааг нарийвчлан гаргах, санал хүсэлтээ бодлогын баримт бичгүүдэд тусгах зэрэг үүрэг, чиглэлийг өгөөд байна.

相关新闻