Хүнсний бүтээгдэхүүнийг нэг хүнд хэт их хэмжээгээр худалдахгүй байхыг зөвлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Үнийн хөөрөгдөл бий болгохгүй байх талаар зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдэд дараах зөвлөмжийг хүргүүлэв.
Бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, зохиомол хомстол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхад чиглэсэн ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Уг ажлын багаас зөвлөмжийг хүргүүлсэн бөгөөд зөвлөмжид бараа бүтээгдэхүүн хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдлыг хэвийн байлгахыг анхааруулсан байна. Мөн бараа бүтээгдэхүүний үнийн түвшинг тогтвортой байлгах, зохиомол хязгаарлалт хийхгүй, хомстол үүсгэхгүй байх, бараа бүтээгдэхүүнийг дамлан худалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг хүнд хэт их хэмжээгээр болон бөөнөөр худалдаалахгүй байхыг зөвлөсөн байна.
Аймгийн хэмжээнд хүнсний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай, үнэ хэвийн байна.