АНУ-ын консервативчууд шинэ нийгмийн сүлжээг сонгож байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /NHK/.
АНУ-ын консервативчууд нийтлэлүүдийг
нь зохицуулж буй “Twitter”, “Facebook” нийгмийн сүлжээний дүрэм журмыг
шүүмжилж, шинэ платформыг сонгохыг илүүд үзэх болжээ.
Үүнтэй
холбоотойгоор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг эн тэргүүнд тавьдаг хэмээн
өөрсдийгөө сурталчилж буй “Parler” нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн тоо өсөх болжээ. Америкийн хэвлэл
мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, “Parler”-ын хэрэглэгчдийн тоо ерөнхийлөгчийн сонгуулийн
дараа 10 саяд хүрч нэмэгдсэн байна.
Мөн дүрс бичлэг
байршуулдаг “Rumble” цахим
хуудасны хэрэглэгчдийн тоо өсжээ. Тус платформын хувьд аливаа нийтлэлийн
агуулгад хөндлөнгөөс оролцдоггүй байна. “Rumble” хавсралтыг өнгөрсөн долоо хоногт 370 мянга гаруй
удаа татсан гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
“Twitter”-ийг өдөрт дэлхий даяар 180 сая гаруй хүн
хэрэглэдэг бол “Facebook”-ийг
2.7 тэрбум хүн сар тутам ашигладаг байна. Иймээс шинэ хавсралтууд нь тоон үзүүлэлтүүдийн
хувьд томоохон нийгмийн сүлжээнүүдтэй өрсөлдөхгүй боловч тэдгээрийн нэр хүндийн
өсөлт олон нийтийн үзэл бодлыг илэрхийлэх чиг хандлагыг тодорхойлж байгаа нь олны
анхаарал татаж байна.