Орхон аймгийн 270 иргэний шинжилгээг ХӨСҮТ рүү илгээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-18 13:58:30
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Дархан-Уул аймагт батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүстэй ойрын хавьтал байж болзошгүй иргэд болон төмөр замын ажилчид, тэдгээрийн гэр бүлийг шинжилгээнд хамрууллаа. Нийт 270 иргэний шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү илгээжээ. Шинжилгээний хариу маргааш гарна.

Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор Шуурхай штаб 11 дүгээр сарын 18-ны шөнийн 01 цаг, аймгийн Онцгой комисс 03.30 минутад хуралджээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг аймгийн Онцгой комисс өглөө 11.50 минутад сэтгүүлчдэд танилцууллаа.

Үүнд: Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Тандалт, судалгаа, хариу арга хэмжээний баг” шуурхай ажиллаж төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тухайлбал, 6-р сургууль, гэр хорооллын эцэс, Дэнж багт шинжилгээ авах цэг байгуулахаар ажиллаж байгаа гэв. Мөн Эрдэнэт, Дээдэс, Голд, Erdenet INN зочид буудлуудын бэлэн байдлыг хангажээ. Түүнчлэн зөвшөөрөгдсөнөөс бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн түр хязгаарлалаа.

Дээрх хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид хүнс, түлшний нөөцтэй холбоотой асуулт асуусан юм. Онцгой комиссын дарга С.Батжаргал хэлэхдээ, “ Махны үйлдвэрүүдийн нөөцийн мэдээллийг цаг тухайд нь авч байгаа. Өнөөдрийн байдлаар 310 м.шоо түлээний мод, 10 хоногийн нүүрсний нөөцтэй байна. Аймгийн хэмжээнд 67 эмийн сан хэвийн ажиллаж байгаа. Хүнсний дэлгүүрүүдэд 33 машин хүргэлтээр хүнс нийлүүлж байна. Төлөвлөгөөний дагуу 100 машин бэлэн байдалд байна. Эрсдэлтэй байж болох хүнсний дэлгүүрүүдийг ариутгасан. Цахимаар явж байгаа “Эрдэнэт 0 зогсолт хийх нь” гэсэн мэдээлэл худал гэдгийг анхаарах хэрэгтэй” гэсэн юм.

Харин аймгийн ОБГ-ын дарга хурандаа Г.Ганбаатар хэлэхдээ, “Улаанбаатар хот болон бусад аймаг, сум руу зорчих хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэсэн. Нийт 2064 иргэн байна. Үүний 1260 нь Улаанбаатар хот болон бусад аймгаас Эрдэнэт хотод ирэх, 804 нь явах хүсэлтээ илэрхийлсэн. Эдгээр иргэдийн асуудлыг тухайн аймаг, сумын Онцгой комисс руу нь мэдэгдсэн. Хариу шийдвэр ирэхийг нь хүлээж байна” гэлээ.

 

相关新闻